Төвийг сахидаг Швейцарь Оросын эсрэг хоригт нэгдэв
2022-03-01

ОХУ Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбоотойгоор барууны орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээ тавьсаар байна. 

 

Энэ удаад хориг арга хэмжээний жагсаалтад Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков, "Роснефть"-ийн захирал Игорь Сечин, Mail.ru Group болон "Мегафон"-ы эзэн Алишер Усманов, "Альфа-банк"-ны хамтран эзэмшигчид болох Михаил Фридман, Петр Авен, Волга группийн эзэн Геннадий Тимченко нар болон Оросын төрийн мэдэлд байдаг хэвлэл мэдээллийн ажилтнууд, ОХУ-ын эрх баригчдыг дэмждэг нийтлэлчдийг багтаажээ. 

 

Түүнчлэн АНУ НҮБ-ын дэргэдэх Оросын 12 дипломат ажилтныг "персона нон грата" буюу "тааламжгүй этгээд" хэмээн зарласан талаар ВВС агентлаг мэдээллээ.

 

Британийн тухайд Оросын компаниуд, санхүүгийн салбарын эсрэг шинээр хориг тавихаар болсныг тус улсын Гадаад хэргийн сайд Лиз Трасс мэдэгдсэн байна. Шинэ хоригт "Сбер" банк фунтээр гүйлгээ, шилжүүлэг хийхийг хориглох, түүнчлэн хэд хэдэн банкны Британи дахь хөрөнгийг бүрэн царцаах гэсэн арга хэмжээнүүд багтаж байгаа гэж CNN дамжуулжээ.

 

Түүнчлэн Оросын компаниуд Британийн хөрөнгийн зах зээлд гарах гарцгүй болж байна. Мөн цахилгаан, тэнгис, навигацийн төхөөрөмжүүд зэрэг хэд хэдэн салбарын бараа бүтээгдэхүүнийг Орос руу экспортлоход хориг тавихаар болжээ.

 

Уламжлал ёсоор төвийг сахих үзэл баримталдаг Швейцарын засгийн газар ч Оросын эсрэг хоригт нэгдэж, Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ хэмээн мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин