Оросын БХЯ цэргийн гарз хохирлыг хүлээн зөвшөөрлөө
2022-03-01

Хоёрдугаар сарын 28-ны өдөр буюу Орос цэргийн ажиллагаа эхэлснээс хойших дөрөв дэх өдрөө Оросын цэргүүд амиа алдсан гэдгийг анх удаа албан ёсоор хүлээн зөвшөөрсөн талаар "Эрх чөлөө" радио мэдээлжээ. Гэхдээ Оросын Батлан хамгаалах яам гарз хохирлын нарийвчилсан тоон мэдээлэл өгөөгүй байна. 

 

"Тусгай цэргийн ажиллагааны байлдааны даалгаврыг гүйцэтгэх явцдаа Оросын цэргийн алба хаагчид баатарлаг, эр зориг гаргаж байна. Харамсалтай нь бидний нөхдөөс амь үрэгдсэн, шархадсан хүмүүс гарлаа. Гэхдээ бидэнд учирсан гарз хохирол устгагдсан үндсэрхэг үзэлтнүүд, Украины зэвсэгт хүчний хохирлоос бага" хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг РИА Новости агентлаг дамжуулжээ.

 

Түүнчлэн "тодорхой тооны" цэргийн алба хаагчид олзлогдсон гэдгийг Оросын Батлан хамгаалах яам баталжээ. Оросын хууль тогтоомжийн дагуу гарз хохирлын тоог төрийн нууцад хамруулдаг юм байна.

 

Үүнээс өмнө, хоёрдугаар сарын 25-ны өдөр Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес мэдэгдэл хийхдээ Британийн цэргийнхний мэдээллээр, Орос улс довтолсон эхний өдрөө 450 хүнээ алдсан хэмээн онцолсон юм. Харин Украины талаас хийсэн мэдээлэлд хоёрдугаар сарын 24-26-ны хооронд Оросын 4300 цэрэг амь үрэгдсэн  хэмээжээ.

 

Хоёрдугаар сарын 27-ны өдрийн байдлаар, Украины талаас амь үрэгдсэн хүмүүсийн талаарх мэдээлэл гараагүй байна. Харин цэргийн ажилагаа эхэлсэн эхний өдөр 137 цэрэг амь үрэгдсэн гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин