ОХУ, Украин: Тэд өнөөдөр дахин хэлэлцэнэ

Орос, Украины хэлэлцээний дараагийн шат гуравдугаар сарын хоёрны өдөр болохоор талууд өмнө нь тохиролцжээ. Энэ талаар Оросын талын төлөөлөгчдөөс авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг мэдээлсэн байна.
Оростой дахин хэлэлцээ явуулахын тулд Оросын тал гал зогсоох ёстой гэж Владимир Зеленский мэдэгдсэн байна.
"Хэлэлцээний ширээний ард суухын тулд галыг бүрэн зогсоох ёстой" гэж тэрбээр мэдэгджээ. Түүнчлэн Украин улс НАТО-ын бүрэлдэхүүн байхыг хүсэхгүй байгаа бол аюулгүй баталгаа хэрэгтэй хэмээн онцолсон байна. Үүний зэрэгцээ "Украин ялагдвал Оросын цэргүүд НАТО-ын хил дээр ирнэ" хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Түүнчлэн Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Оростой хэлэлцээ хийх нөхцлүүдийг нэрлэжээ.
Кулебагийн өгүүлснээр, Киев дахин уулзаж, дипломат арга замаар нөхцөл байдлыг шийдэхэд бэлэн, гэхдээ "Оросын Холбооны Улс тулган шаардахаар зэхэж байгаа бол" хэлэлцээ хийхээр явахгүй гэнэ.
"Бид шийдэл хайна, гэхдээ Оросын тулган шаардалтыг биелүүлэхгүй" хэмээн Украины Гадаад хэргийн сайд Кулеба мэдэгджээ.
Харин Зеленскийн хамгийн сүүлд хийсэн мэдэгдлээр, Украины эрх баригчид нутаг дэвсгэр дээр нь өрнөж буй байлдааны ажиллагааг зогсоохын тулд Москватай хэлэлцээ хийхэд бэлэн байгаа гэнэ. Телеграмд байршуулсан Зеленскийн мэдэгдэл ийм агуулгатай байх аж.
"ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэлэлцээний ширээний ард суух ёстой гэдгийг дэлхий хэдийнэ ойлгож байна. Тэдэнтэй хамт хэлэлцээний ширээний ард суухад би бэлэн байна" хэмээн Владимир Зеленский мэдэгджээ.
Эргэн сануулахад, хоёр талын хэлэлцээ анх хоёрдугаар сарын 28-ны өдөр Украин, Беларусийн хил дээр болсон юм. Энэ хэлэлцээ дундаа завсарлагатайгаар таван цаг үргэлжилсэн бөгөөд энэ нь хэлэлцээний гагцхүү эхний шат хэмээн талууд мэдэгдсэн. Дараагийн шатны хэлэлцээ нь ойрын өдрүүдэд, Польш-Беларусийн хил дээр болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский мэдэгдэж байв.
"Бид хэлэлцэх асуудлыг бүгдийг ярилцаж, нийтлэг байр сууриа таамаглаж болохоор хэд хэдэн цэгийг олсон. Хамгийн гол нь хэлэлцээний явцыг үргэлжлүүлэхээр тохиролцсон явдал. Дараагийн уулзалт ойрын өдрүүдэд Польш-Беларусийн хил дээр болно, зохих тохиролцоонд хүрсэн. Тэр хүртэл тал тус бүрийн төлөөлөгчид улс орныхоо удирдлагатай хэлэлцээний байр суурийн талаар зөвлөлдөнө" хэмээн Владимир Мединский мэдэгдэж байлаа.
Үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Украины тал хэлэлцээний талаар мэдээлэл хийхдээ талууд нэн тэргүүнд хэлэлцэх сэдвүүдээ тодорхойлж, хэлэлцээний шинэ шатыг явуулахаар тохиролцсон гэж онцолж байлаа.
"Нэн даруй гал, байлдааны ажиллагааг зогсоохын тулд нийтлэг байр суурийг олохоор эхний шатны хэлэлцээг Украин, Оросын төлөөлөгчид хийлээ. Талууд харилцан зохистой шийдвэр гаргахын тулд гол сэдвүүдийг тодорхой ярилцсан" хэмээн Подоляк мэдэгдэж байсан юм.
Орос, Украины төлөөлөгчид Украин-Беларусийн хил дээрх Припять голын эрэгт (shuud.mn: энэ эрэг нь Украины талд хамаарна) "Загасчны байшин" гэж оролцогчид нэрлэсэн, нууцлагдмал газарт уулзсан юм. Аюулгүй байдлыг бодолцон ийнхүү хэлэлцээ болсон газрын талаарх нарийн мэдээллийг нууцалж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ