Хэлэлцээ хийх хүртэл бөмбөгдөлтөө зогсоохыг Зеленский ОХУ-д уриаллаа

Гал зогсоох хэлэлцээ эхлэхээс өмнө Оросын тал Украины хотуудыг бөмбөгдөхөө зогсоох ёстой гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ. Тэрбээр энэ талаараа CNN, Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа онцолсон бөгөөд энэ ярилцлага Киевт байх бункерт болсон байна. Зеленский энэ бункерээс зэвсэгт хүчнээ удирдаж байгаа аж.
Украины Ерөнхийлөгчийн өгүүлснээр, Оросын цэргүүд Украины хотуудад цохилт өгч байгаа үед хэлэлцээгээр дорвитой үр дүн гарахгүй гэнэ.
"Ядахнаа хүмүүсийг бөмбөгдөхгүй байх, зүгээр л бөмбөгдөлтөө зогсоох хэрэгтэй. Харин дараа нь хэлэлцээний ширээний ард сууна" хэмээн Зеленский мэдэгдсэн байна.
Түүнчлэн Украины нутаг дэвсгэр дээгүүр Оросын цэргийн онгоцууд нисэхийг зогсоохын тулд Украины дээгүүр нислэггүй бүс тогтоохыг НАТО-д хандан уриалсан байна. Энэ нь НАТО-г сөргөлдөөнд татан оролцуулахгүй гэж Зеленский мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ