ОХУ-ын долоон банк SWIFT-ээс салгагдав
2022-03-03

Орос Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш Барууны орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ тавьсаар байгаа юм. Тэр дундаа олон улсын SWIFT системээс хэсэгчлэн салгахаар болсон. Тодруулбал, ВТБ, "Россия", "Открытие", Новикомбанк, Промсвязьбанк, Совкомбанк болон ВЭБ гэсэн долоон банкыг олон улсын системээс салгахаар болжээ. КП агентлагийн мэдээлснээр эдгээр банкуудыг гуравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн салгах юм байна.

 

Бизнесийнхэнд ямар нөлөөтэй вэ?

 

Дээрх банкуудад мөнгөө хадгалдаг Оросын компаниуд хилийн чанадаас мөнгө хүлээн авах, гадаад руу гуйвуулга хийх боломжгүй болно. Гэхдээ хоригт багтаагүй бусад санхүүгийн байгууллагад данс нээх боломжтой аж. Орост хоригт багтаагүй Сбер, Газпромбанк, Россельхозбанк, Альфа-банк зэрэг томоохон банкууд SWIFT-ээс салгагдаагүй юм байна. 

 

Хэрэглэгчдэд хэрхэн нөлөөлөх вэе

 Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр Орос доторх төлбөр, гуйвуулга Үндэсний төлбөрийн картын системээр дамжиж байгаа тул SWIFТ-тэй огт хамааралгүй юм байна. Тиймээс дотоод гүйлгээнд ямар нэг асуудал гарахгүй гэж Оросын эдийн засагчид өгүүлжээ.

 

Харин дээр дурьдсан долоон банкны картнаас гадаад руу мөнгө шилжүүлэх, эдгээр банкны картыг хилийн чанадад ашиглах боломжгүй юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин