Цэргийн ажиллагаанаас үүдэн Оросыг бойкотлосон брэндүүд
2022-03-03

Украинд цэргийн ажиллагаа эхэлсэн эхний өдрөөс л Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүд цуварч, банкнаас эхлээд хүнсний салбар хүртэл эдийн засгийн бараг бүх салбарт нь нөлөөлсөн юм. 

 

Оросыг эсэргүүцсэн давлагаанд томоохон брэндүүд ч нэгдэв. Дисней, Нетфликс зэрэг компаниуд Орост кино гаргахгүй болсон бол гадаадын уран бүтээлчид Орост хийх тоглолтуудаа цуцалж, дэлхий нэртэй брэндүүд бүтээгдэхүүнээ худалдаалахаа зогсоож, зарим нь бүр Оросын зах зээлээс нэг мөр гарахаар зэхэж байна.

 

Ритейл

iHerb

Амин дэм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг энэ компани хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Орос, Украин, Беларусь, Молдаваас захиалга авахаа зогсоожээ. 

 

Net-a-Porter
 

Британийн онлайн дэлгүүр Net-a-Porter гуравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн Оросоос захиалга авах, энэ улс руу захиалга хүргэхээ зогсоосон байна. Энэ компанийн бүрэлдэхүүнд багтдаг Yoox, The Outnet онлайн дэлгүүр мөн л гуравдугаар сарын нэгнээс эхлэн Орос руу бараа хүргэхээс татгалзжээ. 

 

Matchesfashion

Олон улсын томоохошн онлайн дэлгүүр болох  Matchesfashion гуравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн Оросоос захиалга авахаа зогсоожээ.

 

Asos

Боломжийн үнэтэй хувцас, гутал, аксессуар худалдаалдагаараа алдартай Asos гуравдугаар сарын хоёрны өдрөөс эхлэн Оросоос захиалга авахгүй, бараа хүргэхгүй болсон байна.

 

Nike

Гуравдугаар сарын нэгний үдэш Nike брэндийн сайтаас Оросын хэрэглэгчид бараа захиалах боломжгүй болсон байна. Одоогоор ердийн дэлгүүрүүдээс энэ брэндийн барааг худалдан авах боломжтой аж.

 

Apple

Гуравдугаар сарын нэгний үдэш Орос дахь Apple-ийн албан ёсны интернет дэлгүүр бүтээгдэхүүн худалдаалахаа зогсоосон юм. Түүнчлэн Apple-ийн апликейшнүүд ч ажиллахгүй байгаа гэх мэдээлэл гарчээ.

 

Better World Books

Шинэ болон хуучин ном худалдаалдаг, Америкийн интернет номын дэлгүүр хоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Орос улсыг хүргэлт хийх боломжтой орнуудын жагсаалтаас хассан байна.

 

"Ламбада-маркет"

Хараат бус брэндүүдийн "Ламбада -маркет" үзэсгэлэнгийн Москва дахь салбар ч Орост цахим худалдаа хийхээс татгалзжээ. Хамгийн сүүлчийн арга хэмжээ нь энэ сарын 6, 7-ны өдрүүдэд болох бөгөөд үүнээс хойш гагцхүү төслийн сайт нь л ажиллах юм байна.

 

Авто машины салбар

 

Украинд болж буй үйл явдалтай холбоотойгоор дэлхийн томоохон автомашин үйлддвэрлэгчид автомашин, сэлбэг хэрэгслээ Оросын зах зээл рүү нийлүүлэхээс татгалзаж эхэлсэн юм. 

 

Ийм үйлдвэрлэгчдийн тоонд Германы Volkswagen автоконцерн, Volvo,  General Motors багтаж байна. Түүнчлэн Harley-Davidson Орос руу мотоцикл нийлүүлэхээ зогсоожээ. 

 

BMW, Ford,  Jaguar Land Rover зэрэг компаниуд Орос дахь үйлдвэрлэлээ зогсоохоор болсноо мэдэгдсэн юм.

 

Түүнчлэн Японы Toyota Motor компани Оросын нутаг дэвсгэр дээрх машин үйлдвэрлэлээ зогсоохоор болсон байна. Шалтгаан нь сэлбэг хэрэгсэл хангалтгүй хэмээн тайлбарлажээ. Өмнө нь Hyundai компани ч мөн ийм тайлбар хэлж, үйлдвэрээ зогсоож байв.

 

Үүний зэрэгцээ, Honda болон Mazda  Украины асуудлаас болж өөрсдийн бүтээгдэхүүнээ Орос руу нийлүүлэхээ зогсоох шийдвэр гаргасан юм.  Honda компани автомашин болон мотоцикл нийлүүлэхгүй бол  Mazda ОХУ-ын нутаг дэвсгэр дээр байх үйлдвэрүүдээ сэлбэг хэрэгсэл нийлүүлэхээ зогсоож байгаа аж.

 

Мөн Nissan компани ОХУ-ын нутаг дахь үйлдвэрүүдийнхээ үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж эхэлсэн байна. Гэхдээ одоогоор машин гаргасан, Оросын зах зээл дээр машинуудаа борлуулсан хэвээр байгаа аж.

 

Хүргэлтийн үйлчилгээ

Хоёрдугаар сарын сүүлээр  UPS , FedEx  гэсэн шуудан, хүргэлтийн компаниуд Орос руу захидал, илгээмж хүргэхээ зогсоосон талаар зарласан. Улмаар гуравдугаар сарын хоёрны өдөр DHL компани тэдэнтэй нэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин