Абрамович Челсиг зарж, мөнгийг нь дайнд хохирсон хүмүүст зарцуулна

Оросын бизнесмен Роман Абрамович 20 орчим жил эзэмшиж байгаа "Челси" клубыг зарахаар болжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
"Би өмнө ч хэлж байсан, би үргэлж клубийнхээ ашиг сонирхлыг урьтал болгон шийдвэр гаргаж байлаа. Тиймээс өнөөгийн үүссэн нөхцөлд клубээ зарахаар шийдсэн. Энэ нь багийн ашиг сонирхолд нийцнэ гэж үзсэн тул ийм шийдвэр гаргасан юм" хэмээн Абрамович мэдэгджээ.
Абрамовичийн өгүүлснээр, клубийг зарснаас олох мөнгөөр Украины дайнд хохирсон хүмүүст туслах сан байгуулах юм байна.
Тэрбээр 2003 онд "Челси" клубийг 140 сая фунтээр худалдан авч, энэ клубт 1,5 тэрбум гаруй фунтийн хөрөнгө оруулсан байна. Энэ хугацаанд "Челси" Английн дөрвөн удаагийн аварга болж, Аваргуудын лиг, Европын лигт тус бүр хоёр удаа ялалт байгуулж, Английн цомыг тав, Лигийн цомыг гурвантаа хүртэн, Английн супер цомд хоёр удаа ялж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ