НҮБ: Украинаас дүрвэгчдийн тоо нэг саяд хүрлээ
2022-03-03

НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхэлсэн агентлагийн мэдээлснээр Украиныг орхин гарсан хүний тоо нэг саяд хүржээ. Сүүлийн гурав хоногт дүрвэгчдийн тоо хоёр дахин өссөн байна. Даваа гарагийн байдлаар хагас сая хүн дүрвэсэн  гэсэн мэдээлэл гарч байлаа. 

 

Дүрвэгчдийн ихэнх нь Польш улсыг зорьсон гэж НҮБ мэдээлжээ. Улмаар энэ агентлаг Оросын цэргүүдийг Украины хотуудыг бөмбөгдөхөө зогсоохыг уриалсан байна. Ингэснээр хохирсон хүмүүст нэн чухал ачаа хүргэх хүмүүнлэгийн ажлыг зохион байгуулах боломжтой болох аж. 

 

Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар, Украины хямралаас үүдэн 12 сая хүн орон гэргүй болж болзошгүй гэнэ.

 

Эргэн сануулахад, ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Украинд тусгай цэргийн ажиллагаа явуулснаас хойш Орос, Украины хооронд байлдааны ажиллагаа үргэлжилж байгаа юм. Хоёр улс хоёрдугаар сарын 28-ны өдөр хэлэлцээ хийж, гуравдугаар сарын хоёрны өдөр хоёр дахь шатны хэлэлцээг товлосон ч хойшлогдож өнөөдөр буюу гуравдугаар сарын гуравны өдөр хэлэлцээ болно гэж хэвлэлүүд мэдээлж байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин