Петербург хотод дайныг эсэргүүцсэн жагсаалын үеэр 120 хүн саатуулагджээ
2022-03-04 08:09

Лхагва гарагт Оросын Санкт-Петербург хотноо Орос Украин руу халдсаныг эсэргүүцсэн жагсаал найм дахь өдрөө болжээ. Энэ жагсаал оролцогчдыг баривчилснаар өндөрлөсөн гэж ВВС агентлаг мэдээлсэн байна.

 

Орост "гадаад агент" гэж бүртгэгдсэн "ОВД-инфо"-ийн мэдээлснээр, дайн эсэргүүцсэн жагсаалд оролцсоныхоо төлөө саатуулагдсан нийт хүний тоо 2000 -ыг давсан бол пүрэв гарагт 120 хүн саатуулагджээ.

 

ОХУ тусгай цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс л Оросын хотуудад "Дайныг эсэргүүцэж байна!" гэсэн уриа бүхий эсэргүүцлийн жагсаал өдөр бүр болж байгаа юм.

 

"Бид байлдах ёстой гэсэн шийдвэрийг бидний өмнөөс гаргаад байх юм. Бид байлдах ёсгүй. Одоо болж байгаа зүйл огт хэрэггүй" хэмээн жагсаалд оролцогч Евроньюс агентлагийн сэтгүүлчид ярьсан байна.

 

"Би дайныг эсэргүүцэж байна. Миний нөхөр украин, би орос. Орос, украины дундаас хүү минь төрсөн. Бидний ах дүүсийг хөнөөж байгааг эсэргүүцэж байна" хэмээн өөр нэг оролцогч эмэгтэй сэтгүүлчдэд ярьжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын олон хотод жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон ч хүмүүс олноороо энхийн жагсаалд нэгдэж, Украинд явуулж буй цэргийн ажиллагааг зогсоохыг шаардаж байгаа аж. Энэ хугацаанд нийтдээ 7000 орчим жагсагч саатуулагдсан гэж хүний эрхийн байгууллагууд мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
7000 хүн байршуулна гэдэг Гулаг байгуулсан гэсэн үг байх нь
2022-03-07