Lil Thug E: Сайхан сэтгэлтэй та бүхэн минь намайг амьдрууллаа
2022-03-04

 

Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E цусны цочмог хорт хавдрын улмаас Турк улсад эмчлүүлж байгаа. Тэрбээр монголчууддаа хандаж дараах талархлын үг илгээжээ.

 

Тэрбээр, Элэгт нэгт Монгол ахан дүүс, урлагийн ах эгч нар, найз нөхөд, надад тусалсан та бүхэндээ талархлын үгийг баяртайгаар бичиж суугааг минь хүлээн авна уу.

 

Та бүхнийхээ сайхан сэтгэл, тусламжийн ачаар би олон өдөр хоногуудыг эмнэлгийн орон дээр өнгөрөөсөн ч амьдралын аз жаргалыг мэдэрч байна. Аюулт өвчнийг ялан дийлэх тэмцэл маань дуусаагүй ч урт хугацааны дараа эдгэнэ гэдгийг сонсоод, өдрөөс өдөрт бие минь тэнхэрч, сошиал ашиглах чадалтай болж байгаагаа дуулгах гэж яаран бичлээ. Миний хийсэн зүйл ердөө л эмнэлгийн орон дээр хэвтэж, эмээр хооллож, олон удаагийн цусны болон химийн эмчилгээнд орох байлаа. Сайхан сэтгэлтэй та бүхэн минь, намайг амьдрууллаа. Та бүхнийхээ дуусашгүй их ачийг нийгмийн сайн сайхны төлөө ажил хийж, үйлдлээрээ болон уран бүтээлээрээ олон хүнд тусалж хариулахыг хүсэж байна.

 

Эмнэлгийн орон дээр байхад урмын үг, захидал олон ирж байсан ч тэр болгонд хариулах тэнхээгүй байсныг минь ойлгоорой.

 

Эх орондоо очихсон гэж тэсэн ядан хүлээж байна. Та бүхэндээ насан туршдаа талархаж явах болно.

 

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн, Г. Төгөлдөр (Lil Thug E)" гэжээ.

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин