Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах үүрэг өглөө
2022-03-04 14:01

 

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. Хурлыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн  асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдсан юм.

 

 

Тус салбар зөвлөлийг Нийслэлийн Засаг даргын 2021 оны тавдугаар сарын 7-ны  А/354 дүгээр захирамжаар баталсан бөгөөд өнөөдөр 2022 он гарснаас хойш хоёр дахь удаагийн хуралдаанаа хийлээ. Зөвлөлийн гишүүд 2022 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд саналаа нэгтгэн, хоёрдугаар сарын 25-ны өдрийн хурлаар хэлэлцсэн. Тэгвэл өнөөдрийн хурлаар үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан 29 саналыг хэлэлцэн, баталлаа.

 

 

Хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн  асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө зөвлөлийн гишүүдэд хэд хэдэн үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага бүр бүтэц, орон тооны хязгаартаа багтаан, шинээр орон тоо нэмэхгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийг мөрдөн ажиллахыг үүрэг болгов.

 

Мөн хөгжлийн бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлэх, асаргаа, сувилгаа хийх талаар зөвлөгөө мэдээлэл, сургалт, сурталчилгааг нэмэгдүүлэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт даалгалаа. Түүнчлэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг дохионы хэлмэрч, орчуулагчийн сургалтад үе шаттайгаар хамруулан, сонсголын бэрхшээлтэй иргэд төрийн үйлчилгээг хүндрэл бэрхшээлгүй авах боломжийг бүрдүүлэх хэрэгтэйг онцолсон юм.  Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг байгууллагадаа зохион байгуулах шаардлагатайг анхааруулж байлаа.

 

 

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, холбогдох хэлтэс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллага, холбоодын төлөөлөл зэрэг 26 хүний бүрэлдэхүүнтэй тус зөвлөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг судлах, бодлого, шийдвэрт нөлөөлөх зорилготой юм.

 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин