Хойд Солонгос цэргийн хиймэл дагуул хөөргөх талбайгаа шинэчилж байна

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Сохэ сансрын буудалд очиж, энэ буудлыг шинэчлэхийг үүрэг болгожээ. Энэ талаар Хойд Солонгосын Цахим мэдээллийн төв агентлагаас авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Ким Жон Ун сансрын буудлын хөөрөх талбайн бүсийг дахин шинэчлэх, шинээр объектууд байгуулахыг үүрэг болгосон байна. Цаашдаа энэ сансрын буудлыг олон зорилтот хиймэл дагуул, тэр дундаа цэргийн тагнуулын хиймэл дагуул бүхий пуужин хөөргөхөд ашиглахаар бэлтгэж байгаа аж.
Энд дуулгахад, Хойд Солонгост бүс нутаг дахь АНУ-ын цэргүүдийн мэдээллийг цуглуулах, тагнах зорилготой хиймэл дагуулыг бүтээж байгаа талаарх мэдээлэл өмнө нь гарч байлаа. Харин гуравдугаар сарын тавны өдөр БНАСАУ тагнуулын хиймэл дагуулын системийн ээлжит туршилтын хүрээнд баллистик пуужин хөөргөсөн. Энэ нь он гарснаас хойших ес дэх удаа пуужин хөөргөсөн тохиолдол байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ