Лавров: Путин Зеленскийтэй уулзахаас цааргалаагүй

Гуравдугаар сарын 10-ны өдөр Туркийн Анталья хотод болсон Орос, Украины Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар Украинд гал зогсоох талаар тохиролцож чадаагүй юм. Нэн хойшлуулашгүй хүмүүнлэгийн асуудлуудыг шийдвэрлэхийн тулд 24 цагийн хугацаанд гал зогсоох талаарх асуудлыг авч хэлэлцсэн ч ямар ч үр дүнд хүрээгүй байна.
Туркэд эхэлсэн энэхүү хэлэлцээг талууд цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаа юм. Тухайлбал, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров цаашдын хэлэлцээнд зарчмын хувьд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
"Бид аливаа төрлөөр харилцахыг дэмжинэ, гэхдээ ийм уулзалт нь ашиг тус авчрах ёстой" хэмээн Сергей Лавров мэдэгджээ. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаас цааргалаагүй, гэхдээ ийм уулзалт зохион байгуулахын тулд "нэмэлт ажлуудыг хийх ёстой" хэмээн Лавров мэдэгджээ.
Хэдийгээр Антальяд болсон хэлэлцээ үр дүнд хүрээгүй ч цаашид хэлэлцээ үргэлжилнэ гэж найдаж байгаагаа Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу илэрхийлсэн байна.
"Энэ уулзалт бүх асуудлыг шийднэ гэж хэн ч тооцоолоогүй. Гэхдээ энэ бол чухал эхлэл болсон" хэмээн тэрбээр мэдэгджээ.
Туркийн Гадаад хэргийн сайд өгүүлснээр, гурван сайдын уулзалт "хүнд уур амьсгалд" болсон ч асуудлуудыг хэлэлцэж чадсан гэнэ. Цаашлаад ч Турк улс Орос, Украины хооронд зуучлагчаар ажиллахад бэлэн гэж Туркийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ