Зеленский, Путин нар шууд хэлэлцээ хийх нөхцлийг Песков нэрлэв

Кремлийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын хооронд шууд хэлэлцээ явуулах нөхцлийн талаар мэдэгджээ. Энэ талаар Правда сонин мэдээлсэн байна.
Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн даргын өгүүлснээр, Оросын тал хоёр орны ерөнхийлөгчийн хооронд шууд хэлэлцээ хийх боломжийг үгүйсгээгүй, гэхдээ үүний өмнө төлөөлөгчид болон сайд нар "өөрсдийн хүлээсэн үүргийг" биелүүлэх ёстой гэнэ. Үйл явдал ингэж эргэсэн тохиолдолд Путин, Зеленский нар ярих гэж биш харин үр дүнд хүрэхийн төлөө уулзаж болно гэж Песков мэдэгджээ.
"Уулзалт болох боломжтой гэдгийг хэн ч үгүйсгээгүй. Оросын талын байр суурь тодорхой. Байр суурийг нарийвчлан тодорхойлоод, Украины талын хэлэлцэгчдэд хүргэсэн. Хариу хүлээж байна" хэмээн Песков мэдэгджээ.
Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украины Гадаад хэргийн сайдтай уулзах үеэрээ мөн ийм мэдэгдэл хийж байлаа.
Гуравдугаар сарын 10-ны өдөр Туркийн Анталья хотод болсон Орос, Украины Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Лавров "Бид аливаа төрлөөр харилцахыг дэмжинэ, гэхдээ ийм уулзалт нь ашиг тус авчрах ёстой" хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаас цааргалаагүй, гэхдээ ийм уулзалт зохион байгуулахын тулд "нэмэлт ажлуудыг хийх ёстой" хэмээн Лавров мэдэгдэж байв.
Украины Ерөнхийлөгч Зеленскийн тухайд тэрбээр Путинтэй шууд хэлэлцээ хийхийг удаа дараа санал болгож, гагцхүү хоёр орны төрийн тэргүүний уулзалт асуудлыг шийднэ гэж онцолж байлаа.
Хоёр талын төлөөлөгчдийн хэлэлцээ
ОХУ тусгай цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш дөрөв дэх өдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр ОХУ, Украины төлөөлөгчид хэлэлцээ хийсэн юм. Беларусийн нутаг дэвсгэрт болсон энэ хэлэлцээнд Оросын талаас Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский, Оросын Гадаад хэргийн яамны дэд сайд Андрей Руденко, Беларусь дахь Оросын Элчин сайд Борис Грызлов, Төрийн Думын олон улсын хорооны дарга Леонид Слуцкий болон Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин нар оролцсон. Харин Украины талаас Батлан хамгаалахын сайд Алексей Резников, Дээд Рад дахь "Ард түмний зарц" фракцийн тэргүүн Давид Арахамия болон Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Михаил Подоляк нар оролцсон юм.
Энэ уулзалтаар төдийлөн үр дүнд хүрээгүй талууд гуравдугаар сарын дөрвөн, долооны өдрүүдэд хэлэлцээний хоёр, гурав дахь шатыг зохион байгуулж, хүмүүнлэгийн коридор байгуулах тал дээр тодорхой ахиц гарсан гэж мэдээлж байлаа. Мөн ойрын өдрүүдэд дөрөв дэх шатны хэлэлцээг хийнэ гэсэн ч одоогоор энэ уулзалт хэзээ болох нь тодорхойгүй байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ