Подоляк: ОХУ, Украины хооронд буулт хийх тал дээр ахиц гарсан

Орос, Украин байлдааны үйл ажиллагаа үргэлжилж байгаа энэ үед хэлэлцээнд буулт хийх тал руу ахиц гарч байгаа гэнэ. Энэ талаар Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүний зөвлөх Михаил Подоляк "КоммерсантЪ" сонинд ярилцлага өгөх үеэрээ онцолжээ.
Түүний өгүүлснээр, Оросын тал өмнөхтэйгээ харьцуулвал "илүү зохистой" байдлаар нөхцөл байдлыг харж байгаа гэнэ. Хэлэлцээ цахимаар тасралтгүй үргэлжилж байгаа, мөн хэлэлцээний явцын хүрээнд тусгай ажлын хэсгүүд байгуулагдсан гэж Подоляк онцолсон байна. Түүний өгүүлснээр, сөргөлдөгч хоёр талын дөрөв дэх удаагийн биечилсэн уулзалт энэ долоо хоногт болох магадлалтай аж.
"Хэлэлцээний ширээнд төрөл бүрийн саналууд маш олон байгаа. Тэр дундаа улс төрийн байдлаар, мөн цэргийн байдлаар нөхцөл байдлыг зохицуулах санал ч байгаа. Тодруулбал, гал зогсоох, цэргээ гаргахтай холбоотой саналууд гэсэн үг" хэмээн Подоляк өгүүлсэн байна.
Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн өгүүлснээр, хэлэлцээнүүд илүү өргөн агуулгатай болсон гэнэ.
"Украин, Оросын төлөөлөгчид аливаа асуудлыг хэлэлцэж байгаа. Тэд тулган шаардахын оронд тодорхой асуудлаар ярих болсон" хэмээн Зеленский сэтгүүлчидтэй уулзах үеэрээ өгүүлсэн байна.
Харин Оросын тухайд тус улс анхдагч шаардлагуудаа өөрчилсөн эсэх талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Энэ улс Украиныг НАТО-д элсэхээс татгалзах, Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрөхийг шаардаж байгаа дээрээ хатуу зогссоор байна.
Москвагийн тавьсан шаардлагуудын дунд "үндсэрхэг үзэлтнүүдийг үгүй болгох" гэсэн шаардлага багтаж байгаа. Харин Подолякийн өгүүлснээр одоо энэ шаардлагыг тавихгүй байгаа гэнэ. Гэхдээ тэрбээр үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд учир нь талууд гол байр сууриа тохиролцох хүртэл хэлэлцээний агуулгын талаар тайлбар, мэдэгдэл хийхгүй байхаар тохиролцжээ.
Подолякийн онцолсноор, цэргийн ажиллагааны улмаас учирсан дэд бүтцийн асар их хохирлыг Украины талд нөхөн төлөх механизм бий болгох боломжийн талаар хэлэлцэж байгаа гэнэ. Украины тал ОХУ-аас нөхөн төлбөр авах бодолтой байгаа гэж "КоммерсантЪ" бичжээ.
Оросын талын байр суурь
Гуравдугаар сарын 11-ний баасан гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэл хийхдээ Украинтай хийж буй хэлэлцээнд нааштай алхмууд гарч байгаа талаар онцолж байсан. Гэвч гуравдугаар сарын 12-ны өдөр, Германы канцлер болон Францын Ерөнхийлөгчтэй Путин хэлэлцээ хийсний дараа Францын тал мэдэгдэл хийхдээ ОХУ байлдааны ажиллагаагаа зогсоох сонирхолгүй байгааг онцолж байв.
Байлдааны ажиллагааг зогсооход гагцхүү хоёр талын төрийн тэргүүний яриа хэлэлцээ л тус болно гэж үзсэн Украины Ерөнхийлөгч Зеленский хэлэлцээ хийхийг Путинд удаа дараа санал болгож байлаа. Улмаар өнгөрсөн долоо хоногт Кремлийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков ийм уулзалт зохион байгуулагдах боломжтой хэмээн мэдэгдсэн юм. Песковын өгүүлснээр, төрийн тэргүүнүүдийн уулзалтаас өмнө Гадаад хэргийн сайд, хоёр талын хэлэлцэгчид өөр өөрсдийн оногдсон ажлыг гүйцэтгэх ёстой гэнэ.
Эргэн сануулахад, Украины эсрэг Оросын цэргийн тусгай ажиллагаа Путиний тушаалаар хоёрдугаар сарын 24-ний өдөр эхэлсэн. НАТО Украиныг Оросын эсрэг ашиглахаар зэхэж байсны улмаас ийм алхам хийсэн гэж Оросын тал мэдэгдэж байгаа бол Украин, НАТО ийнхүү буруутгасныг үгүйсгэсээр байгаа. Улмаар хоёр тал сөргөлдөөнийг зохицуулах үүднээс хоёрдугаар сарын 28-ны өдөр анхны хэлэлцээ хийснээс хойш нийтдээ гурвантаа уулзаад байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ