Хятадад COVID-19 дахин дэгдэж, хэд хэдэн хотод хөл хорио тогтоов
2022-03-14

Хятадад коронавирусийн халдварын тоо эрс нэмэгдсэний улмаас энэ улсын хэд хэдэн хотод хатуу хөл хорио тогтоосон талаар DW агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, гуравдугаар сарын 13-ны өдөр Хятадад хоногт 3100 тохиолдол илэрсэн нь цар тахал эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа аж. Улмаар коронавирусийн халдварын тархалтаас сэргийлэхийн тулд хэд хэдэн хотод хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа гэнэ. 

 

Тодруулбал, гуравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Гуандун мужийн, 17,5 сая хүн амтай Шэньжэн хотод долоо хоногийн хугацаанд хязгаарлалт тогтоосон байна. Ингэснээр хотын оршин суугчид хотоос гарах боломжгүй болжээ. Түүнчлэн хотын бүх хүн амыг гурван үе шаттайгаар коронавирусийн шинжилгээнд хамруулахаар болсон байна.Хүнс, түлш, нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүний үйлчилгээ үзүүлдэг компаниудаас бусад бүх арилжааны байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоож, эсвэл ажилтнуудаа гэрээс нь ажиллуулах үүрэг хүлээжээ.  

 

Мөн 24 сая хүн амтай Шанхай хотод шинээр халдварын тохиолдол илэрсний дараа эрх баригчид оршин суугчдыг шаардлагагүй бол гэрээс гарахгүй байхыг зөвлөсөн байна. Түүнчлэн Шанхай хотоос бусад хотууд руу явах автобусны хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоожээ. 

 

Шанхай, Шэньжэн хотоос гадна Жилинь мужид хөл хорио тогтоосон байна. Энэ мужид гуравдугаар сарын 12-ны өдөр 2200 гаруй тохиолдол шинээр илэрчээ. Түүнчлэн есөн сая хүн амтай Чанчуньд ч хязгаарлалт тогтоосон байна. Ингэснээр оршин суугчид хоёр хоногт нэг удаа, гэрийн нэг гишүүн гэрээс гарч хүнсээ цуглуулах боломжтой аж. Мөн энэ хоттой зэрэгцэн орших Яньжи хотын оршин суугчдыг гэрээсээ гарахыг хоригложээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин