Цемент үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн байж болзошгүй
2022-03-14

Цементийн үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан Барилга хот байгуулалтын яам, ШӨХТГ-ын удирдлагуудтай уулзалт хийлээ. Шадар сайд С.Амарсайхан “Барилгын материалын үнэ ханш, тээврийн зардал өсөж байгаа. Гэхдээ төрийн холбогдох байгууллагуудтай санал солилцож, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх нь чухал байна. Аж ахуйн нэгжүүд үнээ нэмэхэд хоёр сөрөг үр дагавар үүснэ.

 

 

1. Үнийн хөөрөгдлөөс үүсэн бүтээн байгуулалтын ажлууд удааширч, зогсох асуудал үүснэ.

2. Бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр авч хадгалан, үнийн зохиомол хөөрөгдөл үүсгэх эрсдэлтэй.

 

Цементийн үйлдвэрүүд нэг өдөр, ижил хэмжээгээр үнээ нэмж байгаагийн гол шалтгаан юу байгааг тодорхой болгох хэрэгтэй. Төрийн өмчийн цементийн үйлдвэрийг үнэгүй хувьчилж аваад, Хөгжлийн банкнаас барьцаагүй 300 тэрбум төгрөгийн зээл авч, төлөөгүй байж үнээ 30 хувиар өсгөж байгаагийн шалтгаан юу вэ?

 

Төрийн зүгээс үнэ нэмж болохгүй гэж хэлэх боломжгүй. Гэхдээ нэмсэн үнэ бодит, эрэлт хэрэгцээтэй уялдсан, үе шаттай, зах зээлийн зарчмаар явах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж, ШӨХТГ-аас шалтгааныг тодрууллаа.

 

ШӨХТГ-ын дарга Т.Гантулга “БХБЯ-наас цемент, арматурын үнийн талаар зах зээлийн судалгаа хийж өгөх хүсэлтийг манай байгууллагад тавьсан. Энэ дагуу ажлын хэсэг ажиллаж, цемнетийн үнийн судалгааг хийсэн. Удахгүй арматурын судалгаа хийгдэнэ. Цементийн үнийг үгсэн хуйвалдаж, нэмээгүй гэсэн дүгнэлт гарсан. МАК цементийн үйлдвэр давамгай эрхтэй аж ахуйн нэгжээр тогтоогдсон.

 

БХБ-ын сайдын тушаалаар ШӨХТГ, МХЕГ,  татварын байгууллын төлөөлөл багтсан ажлын хэсэг байгуулагдаж, үнийн өсөлтийн бодит нөлөөллийг судлахаар тохиролцсон” гэсэн мэдээллийг өглөө.

 

БХБЯ-аас 2020 онд цементийн үйлдвэрүүдэд очиж, үнийн өсөлтийн шалтгааныг судалсан. Цементийн үйлдвэрүүд эрчим хүчний тариф нэмэгдсэн шалтгааныг хэлсэн учраас бид эрчим хүчний салбарынхантай уулзаж, холбогдох арга хэмжээг авсан. Үүний үр дүнд 2021 онд цементийн үнэ өсөөгүй. Өнгөрсөн онд барилгы материалын үнэ 80 хувиар өссөн байхад зөвхөн цементийн үнэ 4 хувиар нэмэгдсэн. Эндээс дотооддоо барилгын материалаа үйлдвэрлэвэл үнийн өсөлтөд өртөхгүй нь харагдсан. Гэвч 2022 онд цементийн үйлдвэрүүд үнээ 20-30 хувиар өсгөлөө. Бид цементийн үйлдвэрүүдийн төлөөлөлтэй уулзахад зээлийн хүү дарамт учруулж, цалин, цахилгааны үнэ нэмэгдсэн шалтгааныг хэлж байна.

 

Дотоодод цементээ үйлдвэрлэж байгаа нь маш их ашиг тустай. Гэхдээ аж ахуйн нэгжүүд үндэслэлгүйгээ үнээ өсгөж, давуу байдлаа ашиглаж болохгүй.  

 

БХБЯ үнийн өсөлтийн талаар шалгах эрхгүй. Тиймээс бидний зүгээс ШӨХТГ-аар дамжуулан яаралтай шалгалт хийх шаардлагатай байна” гэсэн мэдээллийг БХБ-ын дэд сайд Э.Золбоо өгөв.

 

Шадар сайд С.Амарсайхан БХБЯ, ШӨХТГ-т хоёр чиглэлийн үүрэг өглөө.

 

  1. БХБЯ ажлын хэсэг байгуулж, цемент үйлдвэрлэгчидтэй хамтран нөхцөл байдлын гарцыг хайж, шийдвэрлэх. Энэ ААН-үүд дотоодын хэрэгцээг хангана гэж Хөгжлийн банкнаас урт хугацааны зээл авч, үйлдвэрлэлээ байгуулсан. Үнийн өсөлт зах зээлийн зарчмаар явах ёстой. Гэхдээ үндэслэлгүй, зохиомолоор үнэ хөөрөгддөг асуудал байж болохгүй. Тиймээс бодит нөхцөлийг шалгаж тогтоох шаардлагатай.

  2. ШӨХТГ аж ахуйн нэгжүүдэд бодит хүндрэл үүсэж, үнээ нэмсэн үү, эсвэл үндэслэлгүйгээр үнээ өсгөсөн үү гэдгийг тогтоох ёстой. Дундын зуучлагчид, иргэн, ААН-үүд цементийг их хэмжээгээр худалдан авч, зохиомол хомстол үүсгэн, үнийн хөөрөгдөл үүсгэж болзошгүй учраас ШӨХТГ анхаарал хандуулж ажиллах шаардлагатай.  

 

Дээрх чиглэлээр яаралтай ажиллаж, энэ долоо хоногийн баасан гаригт дүгнэлт гаргаж, танилцуулах үүргийг Шадар сайд өглөө. Үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн бол хуулийн дагуу хариуцлага тооцохыг анхаарууллаа.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ео нь манайд засаг тор байна уу бухмны унэ тэнгэрт хадлаа шуу дээ байрны унэ хамгийн багадаа 3.5 сая тог бна шуу дээ одоо ард тумний амьдрал маш хундэрч бна шуу дээ яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй шуу юмны унэ одроор цагаар бараг нэмэгдэж байхад шудрага орсолдооны газар гэж юу хийж бна вэ арай бна шуу
2022-03-15