ОХУ, Украины ээлжит хэлэлцээ үр дүнд хүрэлгүй завсарлав

ОХУ, Украины дөрөв дэх шатны хэлэлцээ даваа гарагт болж өндөрлөлөө. Украины талын мэдээлснээр, гал зогсоох, цэргүүдийг нэн даруй гаргах, аюулгүй байдлын баталгаа гэсэн сэдвүүдийг хэлэлцсэн дөрөв дэх шатны хэлэлцээ хүндхэн болж өнгөрсөн гэнэ.
Украины талын хэлэлцэгчдийн нэг болох Михаил Подолякийн өгүүлснээр, Украины байр суурь өөрчлөгдөөгүй, цаашдын харилцааны талаарх хэлэлцээ эхлэх хүртэл гал зогсоох ёстой гэсэн байр суурь баримталж байсан аж.
Энэ удаагийн хэлэлцээгээр талууд зарим үр дүнд хүрч чадна гэж найдаж байгаагаа талууд илэрхийлж байлаа.Өмнөх шатны хэлэлцээний үеэр Оросын цэргүүдэд бүслэгдсэн хотуудад туслах, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх боломж бий болгохын тулд гал зогсоох гэсэн гол асуудал дээр анхаарлаа хандуулж байлаа.
Улмаар дөрөв дэх шатны хэлэлцээ эхлэхийн өмнө Украины талын хэлэлцэгч Михаил Подоляк "цогц" хэлэлцээ эхэлнэ хэмээн бичиж байсан юм. "Дөрөв дэх шатны хэлэлцээ. Энх тайван, гал зогсоох, цэргүүдийг нэн даруй гаргах, аюулгүй байдлын баталгааны тухай хэлэлцээ болно" хэмээн тэрбээр бичиж байв.
Харин хэлэлцээ дууссаны дараа тэрбээр энэ уулзалтыг хүндхэн болсон, учир нь Орос, Украины улс төрийн систем хэт ялгаатай тул тохиролцоонд хүрэхэд хүндхэн байсан хэмээн мэдэгдсэн юм. Ингээд хэлэлцээ завсарлага авч, мягмар гарагт үргэлжлэхээр болжээ. Подолякийн өгүүлснээр, тайван хотуудын эсрэг 19 өдөр хүчирхийлэл үйлдсэн нь зөв стратеги гэдэг байр суурийг Оросын тал баримталсаар байгааг Подоляк онцолсон юм.
Ийнхүү хоёр тал хэлэлцээ хийж байх зуур өнгөрсөн шөнө Украины нийслэлийг Оросын тал пуужингаар харваж, пуужингийн хэлтэрхийнд олон давхар орон сууц оногдож шатсан байна.
Энэ хэргийн улмаас нэг хүн амиа алдсан бол Киевийн өөр нэг дүүрэгт пуужингийн цохилтод өртөж сүйдсэн байшингийн нурангад даруулан нэг хүн амиа алджээ.
Харин ОХУ-ын талаас мэдээлэл өгөхдөө, өнгөрсөн шөнө Донецк бүсэд 20 хүн алагдаж, 28 хүн шархадсан гэнэ. Энэ талаар мэдээлэл өгсөн ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээллээ нотлох баримт дэлгээгүй бөгөөд Украины талаас харвасан пуужинд оногдон олон хүн амиа алдсан, энэ нь цэргийн гэмт хэрэг хэмээн мэдэгдсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ