Г.Занданшатар: Итгэл төгс урагшлах шинэ эрмэлзэлийн цаг ирж байна
2022-03-15

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн хуралдаан эхэллээ. Хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд, ҮХЦ-ийн дарга, хуулийн байгууллагуудын удирдлага, дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгч нар оролцож байна.

 

 

Хаврын чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр

 

...Урин цагийн амьсгал наашилж, цар тахлын аюул цаашилсан цаг үед УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийж байна. Коронавирусийн IV дэх давалгаа саарч, бүх нийтээрээ хэвийн амьдралын горимд шилжиж байгаа энэ үед Шинэ сэргэлтийн бодлогоо эрчимтэй хэрэгжүүлэх боломж бүрдлээ.

 

Улсын эдийн засаг, ард олныхоо амьжиргааг сэргээх боломж бүхнийг алдалгүй ашиглаж, цар тахлын дараах Шинэ сэргэлтийн бодлогоо тууштай  хэрэгжүүлэхийн төлөө төр, хувийн хэвшил, иргэд олон нийт нэгдэж, итгэл төгс урагшлах шинэ эрмэлзлэлийн цаг ирж байна.

 

УИХ, Засгийн газрын гишүүд ээ. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан та бүхний анхаарлыг гурван багц асуудалд хандуулахыг хүсэж байна.

 

  1. Цар тахлын нөхцөл байдал сайжирч байгаа ч олон улсын нөхцөл байдал хурцадмал болж, таамаглах аргагүй олон эрсдэлийг өдөөж байна. Гадаад орчин эмзэг байгаа энэ үед монголчууд оюун санаа, үнэт зүйлийн нэгдэлтэй байж, буруу зөрүү ойлголтоор бусдыг төөрөгдүүлэх, яаруу дүгнэлт хийж, нийгэм, олон нийтийг өдөөн турхирах үйлдлээс ангид байх нь чухал байна. Мэдээллийн дайны эжнэ үед нийгмийн сүлжээний давалгаагаар нийтийн эрх ашгийг хөндөж болохгүй. Монгол Улсын эдийн засаг урьдчилсан гүйцэтгэлээр 4 хувийн өсөлттэй гарсан нь олон улс болон дотоодын мэргэжлийн байгууллагуудын төсөөллөөс харьцангуй бага байлаа. Хэдийгээр дотоодод цар тахал буурч байгаа ч гадаад орчны нөлөөллөөс шалтгаалан экспорт буурсан нь эдийн засагт зарим хүндрэлийг бий болгож байна. Тиймээс төсөв, мөнгөний бодлогыг оновчтой уялдуулж, инфляци, эдийн засгийг зөв удирдах шаардлагатай байна.

  2. Шинэ сэргэлтийн бодлогоо цаг алдалгүй хэрэгжүүлж эхэлье. Энэ бодлого нь эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, эрчим хүчний, аж үйлдвэржилтийн, хот, хөдөөгийн, ногоон хөгжлийн болон төрийн бүтээмжийн хүрээнд сэргэлт бий болгох, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг даван туулахад чиглэгдсэн. Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадвал эдийн засгийн өсөлт дундажаар 6 хувьд хадгалагдана. Нэг хүнд оногдох үндэсний орлого хоёр дахин нэмэгдэнэ. Ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрч, боомтын хүчин чадал 3 дахин, эрчим хүчний эх үүсвэр 2 дахин нэмэгдэнэ. Товчоор хэлвэл Монгол Улс сэргэн мандлын замдаа гарна.

  3. Улсын хэмжээнд тулгамдсан, шийдлээ хүлээж буй асуудлуудад анхаарал хандуулж, оновчтой, хурдтай зөв шийдвэр гаргаж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

 

Энэ удаагийн УИХ хүний эрхийг дээдэлсэн парламент байж, батлан гаргаж буй хуулиа хүний эрхийг амин сүнс болгон суулгах, хөгжлийн монгол загвар бий болгож, эдийн засгийн шинэ сэргэлтийн замд орох  талаар дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө тууштай чармайх болно. Үндсэн хоёр зорилго дээрээ нэмж, нэг шинэ зорилго дэвшүүлж байгаагаа та бүхэнд толилуулъя. Энэ бол парламентын төгөлдөршил буюу парламентын ардчилал, шинэчлэлийн тухай асуудал юм.

 

...Монголчууд бид нэгдмэл үнэт зүйлсдээ тулгуурлан эвийн хүчийг эрхэмлэн, Монголоо мандуулах түүхэн цаг ирсэн байна. Үүнтэй холбогдуулан “Монголоо мандуулъя” төслийг эхлүүлэхээр УИХ, БСШУБХ санаачлаад байна.

 

Монголчууд оюун сэтгэлгээний дархлаа болсон эх оронч үзэл, үндэсний өв соёлоо дээдлэх үзлийг бэхжүүлэх нь Монголын ирээдүй хойчийн өмнө бидний хүлээх журамт үүрэг юм. XXI зуунд дэлхийн хөгжилтнй хөл нийлүүлэн алхах нь зүй ёсны хэрэг боловч даяаршлын эринд үндэсний ондоошлоороо ялгарч, оюуны дархлаагаа сэргээн бэхжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой. Энэхүү төслийн зорилго нь үндэсний бахархал, өв соёлоо дээдлэх, уламжлалт зан заншлаа өвлөн дэлгэрүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, архидалт, ажилгүйдэл, авлигаас ангижрах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, бүтээн байгуулагч ард түмэн болох, хөгжин дэвших, Шинэ сэргэлтийн бодлогыг сурталчлан таниулахад чиглэнэ.

 

Энэхүү аяныг хот, хөдөөгүй монгол хүн бүр байгууллага, аж ахуйн нэгж болгон дэмжиж ажиллахыг уриалъя" хэмээн хэлж, хаврын ээлжит чуулганыг нээлээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Юу ярьж байгаагаа ч мэдэхгүй мэдрэл гацаа
2022-03-15
зочин:
Эрмэлзэх нь эрмэлзээд л байна даанч эвээ-аргаа олохгүй л байна даа хө
2022-03-15