COVID-19-ийн улмаас Хятадад 51 сая хүн хөл хорионд оров
2022-03-15

Хятад улсад коронавирусийн дэгдэлт анхлан гарснаас хойших хамгийн хүнд хямралыг одоо туулж байгаа талаар South China Morning Post сонин мэдээлжээ. 

 

Энэ улсад сүүлийн үед коронавирусийн халдварын тохиолдол хурдацтай тархаж байгаа бөгөөд улмаар БНХАУ-ын эрх баригчид 51 сая хүнийг хөл хорионд оруулахаар шийдсэн байна. Тодруулбал, 24 сая хүн амтай Жилинь муж бүхэлдээ, 17,5 сая хүн амтай Шэньжэнь хот болон 10 сая хүн амтай Дунгуань хотуудад хатуу хөл хорио тавихаар болсон байна. 

 

Ковидын халдвар огт гаргахгүй гэсэн бодлого баримталж байгаа Хятадад даваа гарагт 1437 тохиолдол илэрсэн нь сүүлийн долоо хоногийн дунджаас дөрөв дахин өндөр үзүүлэлт тооцогдож байгаа аж. Энэ улсад омикрон хувилбар тархаж байгаа бөгөөд дэгдэлтийн голомт нь Жилинь муж болсон байна. Энэ мужид 895 тохиолдол бүртгэгджээ.

 

Ингээд даваа гарагт 24 сая хүн амтай Жилинь мужийг хөл хорионд оруулах шийдвэр гаргасан байна. Энэ нь 2020 оны нэгдүгээр сард Ухань, Хубэй мужуудыг бүхэлд нь хөл хорьж байснаас хойш анх удаа мужаар нь хөл хорьсон тохиолдол болж байгаа юм.

 

Халдвар хурдацтай дэгдэж байгаа тул ням гарагт 17,5 сая хүн амтай Шэньжэн хотыг долоо хоногийн хугацаанд хөл хорионд оруулж, гурван үе шаттайгаар шинжилгээ авахаар болсон. Улмаар энэ хотод нийтийн тээвэр, нэн хэрэгцээт ажил үйлчилгээнээс бусад бүхий л байгууллагуудын үйл ажиллагаа  гуравдугаар сарын 20-ны өдөр хүртэл зогсжээ. Шанхайн вирус судлаач Жан Вэньхун энэ дэгдэлтийг "сүүлийн хоёр жилийн хугацааны хамгийн хүнд үе" хэмээн нэрлэсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин