"Монголын эдийн засгийн форум 2022” ирэх сард зохион байгуулагдана
2022-03-15

 

"Монголын эдийн засгийн форум 2022” талаар мэдээлэл хийж байна.

 

Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд  "Монголын эдийн засгийн форум 2022” чуулганыг дөрөвдүгээр сарын 07, 08-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Чуулга уулзалтыг угтаж Шинэ сэргэлтийн бодлогын зургаан зорилт тус бүрээр урьдчилсан хэлэлцүүлгийг гуравдугаар сарын 21-нээс 30-ны хооронд зохион байгуулна.

 

  1. Эрчим хүчний сэргэлт                           

  2. Боомтын сэргэлт                                   

  3. Аж үйлдвэржилтийн сэргэлт           

  4. Хот, хөдөөгийн сэргэлт                    

  5. Ногоон хөгжлийн сэргэлт                 

  6. Төрийн бүтээмжийн сэргэлт           

 

Сангийн сайд Б.Жавхлан “Сүүлийн хоёр жилийн хугацаанд коронавирусийн улмаас завсарлаад байсан Монголын Эдийн засгийн форум ТББ-аас зохион байгуулдаг  эдийн засгийн чуулган ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэж, бэлтгэл ажилдаа ороод байна.

 

Чуулга уулзалт хоёр өдөр болоод зогсохгүй, зорилтуудын хүрээнд дэд хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн. Энэ сарын 21-нээс 30-ны хооронд Шинэ сэргэлтийн бодлогын зургаан сэргэлт бүрээр яам тус бүр урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулна. Зургаан дэд хэлэлцүүлгийн хүрээнд дөрвөн үндсэн хэлэлцүүлэг,  хоёр илтгэлийн хүрээнд томоохон хэлэлцүүлэг өрнөнө. Хэлэлцүүлгээс гаргасан санаа, дэвшүүлсэн бодлого бүрийг боловсруулж, дөрөвдүгээр сард болох нэгдсэн чуулганаар нийт 15 сэдвийн хэлэлцүүлэг өрнөх юм" гэж мэдээллээ. 

 

 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин