Орост тавьсан хоригууд дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ

ОХУ Украин руу халдсаны улмаас барууны орнууд Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ тавьсаар байгаа. Оросын эсрэг тавьсан хоригууд түүхэн дэх хамгийн их хориг гэж олон улсын байгууллагууд мэдэгдэж байсан бөгөөд цөмийн зэвсэг боловсруулсанд буруутгагддаг Хойд Солонгос ч ийм их хэмжээний эдийн засгийн хоригт өртөж байгаагүй юм.
Оросын эсрэг тавьсан хоригууд нь Орост төдийгүй дэлхийн эдийн засагт ч сөргөөр нөлөөлнө гэдгийг олон улсын шинжээчид онцолсноор байна. Хамгийн сүүлд, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Дэвид Мэлпасс эдгээр хоригууд дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар мэдэгдэл хийснийг Вашингтон пост сонин дамжуулжээ.
Мэлпассын үзэж байгаагаар, Украин дахь нөхцөл байдлаас илүүтэйгээр Оросын эсрэг тавьсан хориг дэлхийн ДНБ-д нөлөөлөх гэнэ. Түүнчлэн рублийн ханш унасны улмаас оросуудад учрах сөрөг нөлөө өндөр байна гэж Мэлпасс үзэж байгаа аж. Харин Украины нөхцөл байдлын тухайд энэ нь "богино хугацааны нөлөөлөл" үзүүлэх хэдий ч "цохилтын зөөлрүүлэх" арга олдох гэнэ.
"Сүйрэл"
Гуравдугаар сарын 15-ны өдөр Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэл хийхдээ Украины нөхцөл байдлаас үүдэн Оросын эсрэг тавьсан АНУ-ын хориг арга хэмжээнүүд нь Оросын эдийн засгийг бүхэлд нь сүйрүүлсэн хэмээн онцолсон юм.
"Бид түүний (shuud.mn: Владимир Путинийг хэлж байна) эдийн засгийг бүрэн сүйрүүлсэн" хэмээн Псаки мэдэгдсэн.
Түүнчлэн энэ хурлын үеэр тэрбээр АНУ Украин руу цэргийн болон хүмүүнлэгийн тусламж илгээсэн гэдгийг дурьдаад, ингэснээр "Оросын удирдлага тооцоолж байснаас илүү удаан хугацаагаар" Украины тал эсэргүүцэл үзүүлж чадна хэмээн онцолсон байна. Түүнчлэн Оросын эсрэг хориг арга хэмжээнүүдийг Хятад зөрчвөл энэ улсын хувьд ихээхэн сөрөг нөлөө дагуулна хэмээн анхааруулжээ.
Хоригийн нөгөө тал
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Оросын эсрэг тавьсан хоригууд энгийн америкчуудад ч нөлөөлнө гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр, АНУ-д инфляцийн төвшин сүүлийн 40 жилийн хугацааны хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн байна. Цаашлаад үнийн өсөлтийг хянах боломжгүй нөхцөл байдал үүсэж болзошгүйг Холбооны нөөцийн банкны тэргүүн анхааруулжээ.
Тэр дундаа, Украиныг тойрсон нөхцөл байдал хурцадсаны улмаас АНУ-ын инфляцийн өсөлт жилийн дүнгээр 10 хувиас дээш гарч магадгүй, энэ нь 1981 оноос хойш тохиосон анхны ийм өндөр үзүүлэлт гэж олон улсын RSM консалтингийн компани мэдэгдсэн байна.
Хориг арга хэмжээнүүд дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэдгийг Хятадын тал ч илэрхийлсэн юм. Цар тахлаас үүдэлтэй хүнд нөхцөлд байгаа энэ үед хориг арга хэмжээнүүд дэлхийн эдийн засгийг сэргээхэд хүндхэн цохилт өгчү, аль ч тал энэ хоригоос хожихгүй гэдгийг Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян мэдэгдэж байв.
Оросын эсрэг барууны орнуудын тавьсан хоригууд нь дэлхийн эдийн засаг, олон орны хувьд хөрөнгийн зах зээлд хүнд цохилт болно гэж Олон улсын валютын сан ч анхааруулсан байна. ОУВС-ийн үзэж байгаагаар эрчим хүч, улаан буудай зэрэг түүхий эдийн бараа бүтээгдэхүүнүүдийн үнэ дэлхий даяар өснө гэж таамаглажээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ