Зеленский: Украины эсрэг өдүүлсэн дайн ОХУ-ын хувьд гутамшгаар дуусна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тушааснаар Оросын арми хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу довтолж эхэлсэн. Үүнийг Оросын тал "тусгай цэргийн ажиллагаа" хэмээн нэрлэж байгаа бөгөөд энэ ажиллагаа 20 өдрийн турш үргэлжилж, ихээхэн хор уршиг дагуулсаар байна. Талууд хоёрдугаар сарын 28-ны өдрөөс хойш хоёр талт хэлэлцээ хийж байгаа ч төдийлөн үр дүнд хүрээгүй, энэ нөхцөл байдал хэзээ хэрхэн дуусах нь тодорхойгүй байгаа юм.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ээлжит мэдэгдэлдээ энэхүү дайн Оросын хувьд гутамшиг, ядуурлаар дуусна хэмээн онцолсон байна. Тэрбээр энэ мэдэгдлээ Фейсбүүк хуудсандаа нийтэлжээ.
"Оросын иргэд ээ! Үнэн бодит мэдээлэл авч чадаж байгаа бол энэ дайн танай улсын хувьд хэрхэн төгсөхийг хэдийнэ ойлгосон биз. Энэ дайн гутамшиг ядуурал, олон жилийн тусгаарлалтаар дуусна. Та нарын үйлдлээс ирээдүй шалтгаална" хэмээн Зеленский мэдэгдсэн байна.
Эргэн сануулахад, хоёрдугаар сарын 24-ний өдөр эхлүүлсэн ажиллагааны хүрээнд Оросын цэргүүд анхлаад цэргийн объектууд руу халдаж байсан бол одоо энгийн суурин газрууд руу ч халдаж байгаа талаар Украины тал мэдээлж байгаа юм. Энэ дайны улмаас Украины 2,5 сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвэж, олон хүн амиа алдсаар байна.
Дайн эхэлснээс хойш Украины 90 хүүхэд амиа алдсан гэсэн мэдээлэл гуравдугаар сарын 15-ны өдөр гарч байлаа. Харин эх орноо хамгаалж байсан хүмүүсийн дундаас 1300 хүн амь үрэгдсэн гэж Зеленский мэдэгдэж байв.
Дайн хэрхэн эхлэв
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энгийн ард иргэдийг хамгаалах үүднээс Донбасст тусгай цэргийн ажиллагаа явуулахаар шийдсэн талаараа хоёрдугаар сарын 24-ний өдөр мэдэгдсэн юм. Цэргийн тусламж үзүүлэхийг хүсэн Донбассын бүгд найрамдах улсууд Орост хандсан гэдгийг Путин сануулаад цэргийн ажиллагааны зорилго нь найман жилийн туршид Киевийн доромжлол, геноцидэд өртсөн хүмүүсийг хамгаалах явдал хэмээн Владимир Путин цохон тэмдэглэж байлаа. Үүнээс өмнө, хоёрдугаар сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Луганск Ард Улс болон Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тэргүүнүүд Путинд хандан "Украины Зэвсэгт хүчний зүгээс ирж буй түрэмгийлэл"-д хариу өгөхөд тусламж үзүүлэхийг хүссэн захидал ирүүлсэн юм.
Энэ захидалд, хоёр улсын иргэд орон гэрээ орхиж, Орос руу нүүхээс аргагүй болсон, эдгээр улсад иргэний болон аж үйлдвэрлэлийн дэд бүтэц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг сүйтгэгдэж, хүмүүс амиа алдаж байгаа бөгөөд Киевийн дэглэмийн үйлдэл нь тэд Донбасс дахь дайныг зогсоох хүсэлгүй байгааг гэрчилж байна хэмээн өгүүлжээ.
Путин "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх болсон талаарх мэдэгдэлдээ " НАТО зүүн Европт цэргийн хүчээ зузаатгаж байгаатай холбоотойгоор манай улсын хувьд нөхцөл байдал улам дордож байна. Үүнийг хөндлөнгөөс зүгээр ажиглаад сууж бид чадахгүй", " Бидний төлөвлөгөөнд Украиныг эзлэн түрэмгийлэх үйлдэл багтаагүй" гэх зэргээр онцолж байв.
Түүнчлэн Украины иргэдэд хандан: "Манай үйлдэл бол үүссэн аюул заналаас өөрсдийгөө хамгаалж байгаа явдал. Үүнийг ойлгохыг хүсэхийн зэрэгцээ хамтдаа урагшилж, бие даан хөгжихийн тулд хамтран ажиллахыг уриалж байна" хэмээж байв. Хэдийгээр энгийн иргэдэд аюулгүй гэж удаа дараа мэдэгдсэн ч дайн эхэлснээс хойш олон хот сууринг Оросын тал бөмбөгдөж, энгийн иргэд төдийгүй хүүхдүүд амиа алдаж байгаагийн дээр дайны улмаас Украины хоёр сая гаруй иргэн орон гэрээ орхин дүрвэхээс аргагүй болоод байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ