Дайн эсэргүүцсэн оюутан сургуулиасаа хасагджээ

Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн оюутан Украины эсрэг дайныг эсэргүүцсэн постыг олон нийтийн сүлжээнд оруулсныхаа улмаас сургуулиасаа хасагджээ. Энэ талаар "Медиазона" мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр Антонина Бегачева гэх оюутан "Надад дайн хэрэггүй" гэсэн уриа, энх тайвны тагтааны зураг, Владимир Путинийг доромжилсон үгс бүхий ханыг буулгасан гэрэл зураг, дайн эсэргүүцсэн өгүүлбэрийг англи хэл дээр бичин, Украины эсрэг түрэмгийллийг эсэргүүцсэн дүрс бичлэгийг Инстаграмд оруулжээ.
Ингээд түүнийг сургуулиас хасах тухай тушаал хоёрдугаар сарын 28-ны өдөр гарсан бөгөөд сургалт хүмүүжлийн ажлын удирдах газрын дарга түүнд зөрчил илэрсэн гэж үзсэн хэмээн сургуулиас хасах үндэслэлийг тусгасан байна. Энэ сургуулийн ажилтан "олон нийтийн сүлжээнээс болж хассан" гэж хэлсэн хэмээн Антонина Бегачева хэвлэлд ярьсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ