Украин: Барьцаалагдсан хотын даргыг Оросын олзны цэргүүдээр солив

Хоёрдугаар сарын 24-ний өдөр Владимир Путиний тушаалаар Оросын арми Украин руу довтолсноос хойш дөрөв дэх өдөр нь хоёр тал хэлэлцээ эхэлсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй байна. Энэ зуур байлдааны ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. Өнгөрсөн хоногт болж өнгөрсөн үйл явдлыг товчлон хүргэж байна.
Гуравдугаар сарын 14-ний өдөр авсан хиймэл дагуулын зурган дээр Мариуполь хотын драмын театрын өмнөх талбайд "Дети" буюу "хүүхдүүд" гэж томоор бичигдсэн нь дүрслэгджээ. Агаараас харахад энд хүүхэд байгаа гэдгийг ойлгуулахаар ийм бичиг бичсэн ч энэ театрыг Оросын арми агаараас бөмбөгдсөн гэж хотын зөвлөл мэдэгдсэн байна. Харин Оросын тал үүнийг үгүйсгэж, "Азов" гэх Украины батальон театрыг минижүүлэн, дэлбэлсэн хэмээн мэдэгджээ.
Украины дээд Радын гишүүн Сергей Тарутагийн мэдэгдсэнээр, энэ театрын хонгилд мянга гаруй иргэн хоргодож байсан гэнэ. Түүний өгүүлснээр, одоогоор буудалцаан үргэлжилж байгаа тул нуранган доороос иргэдийг аврах боломжгүй байгаа аж.
Хотын даргыг олзлогдсон цэргүүдээр солив
Украины Мелитополь хотын даргыг Оросын цэргүүд барьцаалсан эгсэн мэдээлэл гарч байсан. Хотын дарга Иван Федоровыг гуравдугаар сарын 11-ний өдөр барьцаалсан гэх бөгөөд түүнийг Оросын олзлогдсон есөн цэргээр сольжээ.
Тодруулбал, 2002-2003 онд төрсөн, Украины талд олзлогдсон цэргүүдээр хотын даргыг сольсон гэж Украины Ерөнхийлөгчийн захиргааны зөвлөх Дарья Заривная Украины телевизд мэдээлжээ.
"Олзлогдсон цэргүүд бараг л хүүхдээрээ шахам. Оросын Батлан хамгаалах яам Украинд хугацаат цэргийн алба хаагчид огт байхгүй л гээд байсан. Гэвч дэлхий дахин хугацаат цэргийн алба хаагчид байгааг харж байна" хэмээн тэрбээр өгүүлсэн байна.
Дарья Заривнаягийн өгүүлснээр, олзноос суллагдсан хотын дарга Украины ерөнхийлөгчтэй холбогдсон, тун удахгүй үүрэгт ажилдаа эргэн орох гэнэ.
Их Британи, АНУ Путинийг цэргийн гэмт хэрэгт буруутгав
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон "Путин хэдийн бүтэлгүйтсэн " хэмээн ВВС-д өгсөн ярилцлагадаа онцолжээ. Түүний өгүүлснээр, Оросын Ерөнхийлөгч "Украин руу цэргээ оруулахдаа хэнтэй нүүр тулахаа ойлгоогүй", ингэж их эсэргүүцэлтэй тулгарнай гэж бодоогүй гэнэ.
Британийн Ерөнхий сайд Путинийг дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаад "Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш, гуравдугаар рейхийн үеэс хойш" тохиогоогүй хүнд гэмт хэрэг үйлдсэн хэмээн онцолжээ.
Түүнчлэн АНУ-ын Сенат Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг дайны гэмт хэрэгтэн гэж үзсэн тогтоолыг гуравдугаар сарын 16-ны өдөр баталж байлаа. Үүний араас АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мөн л дайны гэмт хэрэгтэн гэж Путинийг нэрлэсэн юм.
Харин үүнийг "байж болшгүй, өршөөх боломжгүй үг" хэмээн Оросын тал үзсэн байна. Энэ талаар Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ.
"Дэлхий даяар бөмбөгдөж, олон мянган хүний амийг хөнөөж байсан улсын төрийн тэргүүний амнаас гарсан үгийг байж болшгүй, өршөөх боломжгүй гэж үзэж байна" хэмээн Дмитрий Песков мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ