ОХУ, Украин энхийн төлөвлөгөө боловсруулжээ

Орос, Украин улс хэлэлцээний явцад 15 заалтаас бүрдсэн төлөвлөгөө боловсруулжээ. Энэ төлөвлөгөөнд Украин төвийг сахих, Украины Зэвсэгт хүчнийг цомхотгосон тохиолдолд гал зогсоох, цэрэг гаргах зэрэг заалтууд багтсан талаар Financial Times сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энхийг тогтооход чиглэгдсэн энэхүү төлөвлөгөөг боловсруулахад хоёр тал ихээхэн ахиц гаргаж чадсан гэнэ. Төлөвлөгөөнд Украины тал НАТО-д элсэхээс татгалзах, нутаг дэвсгэр дээрээ гадаадын цэргийн бааз, зэвсэглэл байршуулахгүй байх амлалт багтаж байгаа аж.
Хэдийгээр ийм төлөвлөгөө боловсруулж байгаа ч Владимир Путин энх тайвныг тогтоож, хямралыг шийдвэрлэх тал дээр нухацтай байр суурьтай байгаа гэдэгт Украины тал төдийлөн итгэхгүй байгаа гэж FT мэдээлсэн байна. Москва армийн бүрэлдэхүүнээ сэлгэх, довтолгоогоо үргэлжлүүлэхийн тулд цаг хожин ийм үйлдэл гарагж байж болзошгүй гэж Украины тал сэрэмжилж байгаа аж.
Өмнө нь Украины талын төлөөлөгч Михаил Подоляк мэдэгдэл хийхдээ, өөр нэг тал Украины нутаг дэвсгэр рүү халдвал хэд хэдэн орон Украины талд орох боломжтой байх аюулгүй байдлын баталгааны Украин маягийн загвар санал болгож байгааг онцолж байв. Түүний өгүүлснээр, ямар ч хэлэлцээ хийсэн Украин армиа хадгалж үлдэх гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ