АНУ-ын тагнуул: Орос дор хаяж 7000 цэргээ алдсан

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар Оросын арми хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Украин руу довтолж эхэлсэн. Энэ өдрөөс хойш Оросын арми 12 мянга гаруй хүнээ алдсан гэж Украины тал мэдэгдэж байгаа бол ОХУ энэ сарын эхээр 500 хүнээ алдсан гэсэн мэдээлэл хийснээс хойш дахин дайны хохирлынхоо талаар мэдээлээгүй юм.
Харин барууны орнууд Оросыг бие бүрэлдэхүүнээ ихээр алдсан гэж үзэж байна. Тухайлбал, АНУ-ын тагнуул дахь эх сурвалжаасаа авсан мэдээлэлтэйгээр Нью-Йорк Таймс сонин мэдээлэхдээ "Орос дор хаяж 7000 хүнээ алдсан" хэмээжээ. Энэ нь тагнуулын мэдээлэл, хиймэл дагуулын зураг болон хэвлэл мэдээллийн нийтлэлүүд дээр тулгуурласан баримт гэж эх сурвалж онцолсон байна.
Тагнуулын мэдээлэл дээр тулгуурласан гэх энэ тоо үнэн бол Оросын амссан хохирол нь Иран, Афганистанд сүүлийн 20 жилийн туршид амссан АНУ-ын хохирлоос ч их байгаа юм. Түүнчлэн Чечений дайны үед ч ийм их хохирол учирж байгаагүй бөгөөд 1994-1996 оны хооронд үргэлжилсэн Чеченеий дайны үеэр 4000 орчим цэрэг амь эрсэдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ