Дүрвэгчид, үнийн өсөлт буюу Оросын хөршүүдийн амсаж буй дайны нөлөө

Орос Украин руу халдсан нь ЗХУ задран унаснаас хойших үеийн Зөвлөлтийн дараах орон зайд ихээхэн доргилт болж, улс төр, эдийн засгийн ноцтой үр дагавар дагуулна гэж шинжээчид үзэж байна. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд Украины дүрвэгчид, Оросын цагаачдыг хүлээн авч, Оросын эсрэг олон хориг тавьсны улмаас эдгээр орнуудад үнэ өсөж, бараа бүтээгдэхүүн хомсдож байгаа юм.
Төвийг сахих гэсэн оролдлого
ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан зургаан орон Оростой цэргийн гэрээтэй байдаг. Тодруулбал, Беларусь, Армени, Казахстан, Узбекистан, Таджикистан гэсэн орнууд Хамтын аюулгүй байдлын гэрээний гишүүн гэдгээрээ Оростой холбоотой байдаг юм. Өнөөгийн дайн эхлэхээс хоёр хоногийн өмнө Оросын холбоотны тоо нэгээр нэмэгдсэн бөгөөд Азербайжан, Оросын төрийн тэргүүнүүд цэргийн тусламж үзүүлэх зэрэг заалт бүхий холбоотны хамтын ажиллагааны тунхаглалд гарын үсэг зурж байлаа.
Хэдийгээр эдгээр орнууд Оростой холбоотон хэдий ч гагцхүү Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко л Оросын "тусгай цэргийн ажиллагаа"-г ил тодоор дэмжсэн юм. Мөн Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудаас гагцхүү Беларусь л Оросын түрэмгийллийг шүүмжилсэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолд эсрэг санал өгч байв.
Харин Оросын бусад холбоотнууд санал өгөх үеэр түтгэлзэж, эдгээр орнуудын төрийн тэргүүнүүд нь олны өмнө дайны талаар мэдэгдэл хийхгүй, эсвэл төвийг сахисан байр суурь илэрхийлж, талуудыг эвлэрэхийг уриалсаар байна. Лукашенкогоос өөр хэн ч Оросыг зөвтгөөгүй юм.
Төв Азийн бүхий л орнууд эдийн засаг эсвэл аюулгүй байдлын салбарт их бага хэмжээгээр Оросоос хамааралтай байдаг. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад гишүүн болохын зэрэгцээ Кыргыз, тажик, Арменд Оросын цэргийн бааз байх бөгөөд эдгээр орнууд Беларусийн хамтаар Евразийн эдийн засгийн холбоонд багтдаг юм.
Энэ оны эхээр Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан ч яг энэ дайны үеэр Арменийн эрх баригчдын хувьд төвийг сахисан байр суурь баримталж байна. Харин хөрш Армени улсад нь Украиныг төдийгүй Оросыг дэмжсэн жагсаал цуглаан болж байлаа. Түүнчлэн Бишкек, Алматыд гуравдугаар сарын наймны өдөрт зориулсан багахан хэмжээний жагсаал болсон ч Кыргызийн шүүхээс Оросынх ЭСЯ-ны өмнө жагсаал хийхийг нэг сарын хугацаагаар хоригложээ.
Дүрвэгчид, цагаачид болон үнийн өсөлт
Хамтын нөхөрлөлийн орнуудын дундаас Украинаас хамгийн их дүрвэгч хүлээн авсан улс нь Молдов юм. Дайн эхэлснээс хойш энэ улсад 300 мянга орчим хүн иржээ. Тэдний ихэнх нь цааш Европыг зорьж байгаа бол 100 мянга орчим дүрвэгч Молдовт үлдсэн нь энэ улсын эдийн засгийн хувьд ихээхэн сорилт болж байгаа юм.
Дайн болж буй Украинаас хоёр сая гаруй хүн дүрвэсэн гэх мэдээлэл байхын зэрэгцээ дайн хийж буй Оросоос иргэд нь олноороо цагаачилж эхэлсэн талаарх мэдээлэл гарсаар байна. ВВС агентлагийн мэдээлснээр IT салбарын мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид, чөлөөт ажилтнууд болон бусад ажил мэргэжилтэй оросууд дайн эхэлснээс хойш Бишкек, Алматыг олноороо зорьж байгаа аж.
Гэхдээ тэдний хувь тавилангаас илүүтэйгээр, Орост ажиллаж ард үлдсэн ар гэрээ тэжээдэг Узбек, Тажик, Кыргызийн цагаачид цааш хэрхэх вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Эдгээр орнуудын цагаачид Орост ажиллаж, нутагтаа үлдсэн ар гэрээ тэжээдэг бөгөөд Орос дайн эхлүүлж, эдийн засгийн хоригт өртсөнөөр рублийн ханш эрс унасан энэ нөхцөлд Орост ажилладаг цагаачдын амьдрал ихээхэн хүнд болсон байна. Ингээд ажилгүйдэл, инфляци өндөртэй эх орон руугаа буцаж, үүн дээр нэмээд Оросоос иргэд нь цагаачилж очсоноор коронавирусийн цар тахлын дараа сэргэж амжаагүй улс орны эдийн засагт ихээхэн сөрөг үр дагавар дагуулна гэж шинжээчид үзэж байгаа юм.
Түүнчлэн Хамтын нөхөрлөлийн орнуудад хүнсний үнэ нэмэгдсээр байна. Орос улс Евразийн холбооны орнуудад үр тариа нийлүүлэхээ зогсоосон нь гурилын хомсдол үүсгэж мэдэхээр байна. Түүнчлэн Орос, Украинаас эм бэлдмэл импортолдог Хамтын нөхөрлөлийн орнуудад эм, эмнэлгийн хэрэгсэл хүрэлцэхгүй байх нөхцөл байдал үүсчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ