Арестович: Оросын цэргүүдэд зугтах л боломж байна

Украины Ерөнхийлөгчийн захиргааны зөвлөх Алексей Арестович Украиныг тойрсон нөхцөл байдлын талаар НВ телевизэд ярилцлага өгчээ. Энэ ярилцлагынхаа үеэр тэрбээр Оросын арми хүнд байдалд орсон тухай өгүүлсэн байна. Түүний өгүүлснээр, тавдугаар сараас ч өмнө дайн дуусаж болзошгүй гэнэ.
"Оросын цэргүүд сүйрлийн ирмэг дээр ирсэн, тэдэнд энэ байдлаас гарах гарц байхгүй. Тэд довтолж чадахгүй, өдрөөс өдөрт байлдааны чадвараа алдаж байна. Байршил дээрээ байгаад байна гэдэг үхлээс ялгаагүй. Тэдний хувьд цорын ганц гарц нь эндээс зугтах" хэмээн Арестович өгүүлсэн байна.
Өмнө нь Арестович мэдэгдэл хийхдээ ОХУ-ын цэргүүд пуужингийн нөөц ихтэй, тиймээс үүнд бэлэн байх ёстой гэж анхааруулж байлаа. Түүнчлэн гуравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар ОХУ цэргийн бие бүрэлдэхүүнийхээ 90 хувийг Украин руу оруулсан, үүнээс гуравны нэгийг нь Украины тал аюулгүй болгосон хэмээн онцолж байв.
Эргэн сануулахад, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа" гэж нэрлэсэн довтолгоог эхлүүлэх тушаалыг хоёрдугаар сарын 24-ний өдөр өгснөөр Оросын арми Украин руу довтолсон юм. Энэ үеэс хойш Оросын тал ихээхэн хохирол амссан гэж Украин мэдэгдэж байгаа ч ОХУ-ын БХЯ дайны хохирлоо зарлахгүй хэвээр байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ