АНУ Оросын эсрэг тавьсан хоригуудаа цуцлах нөхцөлийг нэрлэлээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Оросын эсрэг тавьсан хоригууд нь байнгынх биш, зорилгодоо хүрсэн нөхцөлд хоригийг цуцалж болно хэмээн мэдэгджээ.
Энтони Блинкений өгүүлснээр, Украинд зэвсэгт сөргөлдөөн үргэлжлэх хугацаанд хориг арга хэмжээнүүд үйлчлэх гэнэ. Энэ сөргөлдөөн зогссон нөхцөлд хориг арга хэмжээний дарамтыг бууруулах талаар ярилцаж болох аж.
"Хоригууд бол зорилгодоо хүрэх арга хэрэгсэл. Тавьсан зорилгодоо хүрвэл хоригууд үгүй болно" хэмээн Блинкен мэдэгджээ.
Түүнчлэн Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хараат бус байдал сэргэх нь хориг арга хэмжээнүүдийг цуцлах гол нөхцөл гэдгийг тэрбээр онцолсон байна.
"Ийм зүйл дахин давтагдахгүй гэдэгт бид итгэлтэй байхыг хүсэж байна. Одоо хийж байгаа үйлдлээ Орос улс жил, хоёр эсвэл гурван жилийн дараа үргэлжлүүлэхгүй гэдэгт бид итгэлтэй байх хэрэгтэй" хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мэдэгджээ.
Эргэн сануулахад, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар Оросын цэргүүд Украин руу хоёрдугаар сарын 24-ний өдөр довтолж эхэлснээс хойш дэлхийн олон орон Оросын эсрэг хориг тавьсан. Оросын эсрэг тавьсан эдийн засгийн хоригууд нь түүхэн дэх хамгийн их хэмжээний хоригт тооцогдож байгаа юм.
Г. Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ