Зеленский болон Украины ард түмнийг Нобелийн шагналд нэр дэвшүүлэх санал гаргажээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Украины ард түмнийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлэх санал гаргасан талаар Tengrinews.kz мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, өмнө нь Европын орнуудын сайд, парламентын гишүүд байсан улс төрчид хамтран Украины төрийн тэргүүнийг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлэх санал гаргасан байна.
Тэд Нобелийн хороонд илгээсэн захидалдаа Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлэх хугацааг 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгахыг хүссэн байна. Энэ шагналд санал авах ажил дууссан бөгөөд хугацааг сунгах шийдвэр гараагүй тохиолдолд шагналд нэмэж хүн дэвшүүлэх боломжгүй тул Европын улс төрчид ийнхүү хүсэлт тавьжээ.
"Урьд хожид байгаагүй үйл явдал өрнөж байгаатай холбоотойгоор Нобелийн шагналын хороонд хандан 2022 оны Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлэх хугацааг сунгаж, журмыг дахин нэг харахыг хүсэж байна. Энэ нь журмыг зөрчиж байгаа хэрэг гэдгийг бид ойлгож байгаа ч өнөөгийн нөхцөл байдалд ийм алхмыг зөвтгөх боломжтой гэдэгт итгэж байна" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.
Түүнчлэн Украины ард түмэн ардчилал, өөрөө удирдах ёсны төлөө тэмцэж байгааг захидалд цохон тэмдэглэсэн байна.
Энэ захидалд Эстонийн Гадаад хэргийн сайд асан, Европын парламентын гишүүн Урмас Паэт, Эстонийн Ерөнхий сайд асан Андрус Ансип, Нидерландын Батлан хамгаалахын сайд асан Анк Бейлевелд болон Йорис Воргоев, Нидерландын Гадаад хэргийн сайд асан Бернард Бот, Берт Коэндерс болон Максим Ферхаген, Нидерландын дэд сайд асан, Европарламентын ерөнхий сайд Гай Верхофстадт зэрэг олон улс төрч гарын үсэг зурсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ