Г.Занданшатар: Монгол цэргийн түүх бол Монгол Улсын тусгаар тогтнолын түүх юм
2022-03-18

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол цэргийн өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр

 

Орчин цагийн зэвсэгт хүчний 101 жилийн ойг тохиолдуулан генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, цэргийн бэлтгэл үүрэгтэн, Монгол Улсын нийт иргэддээ зэвсэгт хүчний 101 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

 

 

БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн 1946 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар тогтоолоор ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж, анхны ялалтаа байгуулсан 03 дугаар сарын 18-ны өдрийг ардын хувьсгалт цэргийн баярын өдөр болгон жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ уламжлалыг хадгалж, 2011 оноос Монгол цэргийн өдрийг ёсчлон тэмдэглэж байна. Монгол цэргийн өдөр эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай үүргийг биелүүлж яваа цэргийн албан хаагчдын баярын өдөр төдийгүй тусгаар Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэн, монгол цэргийн баатарлаг түүх, дайчин замналыг олон нийтэд сурталчлан таниулах эх орныхоо төлөө амь насаа зориулсан эрэлхэг цэрэг эрс, эх оронч охид хөвгүүдийнхээ алдар гавьяаг дурсах, мөнхжүүлэх бахархалт хүндэтгэлийн өдөр юм.  

 

Монгол Улсын түүх бол монгол цэргийн түүх юм. Монгол цэргийн түүх бол Монгол Улсын тусгаар тогтнолын түүх байдаг юм.

 

...Өвөг дээдсийнхээ баатарлаг, дайчин замналын залгамж халаа болсон өнөөгийн Монгол Улсын зэвсэгт хүчин эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ даян дэлхийн энхийн үйлсэд болон эх орныхоо бүтээн байгуулалтын тэргүүн эгнээнд манлайлан оролцож, Монгол цэргийн буурал түүхийг алдар гавьяаныхаа албан хуудсаар улам бүр баяжуулсаар байна.

 

Эх орныхоо хил хязгаарын бүрэн бүтэн байдал, ард түмний аюулгүй байдлыг хамгаалах, эх орноо хөгжүүлэхэд оруулсан цэрэг дайчдын онцгой хувь нэмрийг Монголын ард түмэн ямагт өндрөөр үнэлэн, бахархан дээдэлдэг билээ.

 

Мөнх тэнгэрийн хүчин дор монгол цэргийн яруу алдар, хийморь цог ямагт мандан бадарч байх болтугай” хэмээн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Shuud.mn
Сонин хачин