Зеленский Крым, Донбассын сэдвээр Путинтэй ярилцахад бэлэн гэв

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Крым, Донбассын асуудлаар Путинтэй хэлэлцэхэд бэлэн, гэхдээ эхний уулзалтаар энэ сэдвийг хөндөхгүй хэмээн Украины телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.
Крым, Донбасс бол бүх хүний хувьд хүндхэн түүх, энэ асуудлыг Украин аюулгүй байдлын баталгаа авсныхаа дараа шийдвэрлэх ёстой хэмээн онцолсон байна.
Энд дуулгахад, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Путинтэй уулзах саналыг удаа дараа тавьж байгаа юм. Кремль энэ саналаас шууд татгалзаагүй ч "эхлээд төлөөлөгчид болон сайд нар тохиролцоонд хүрэхийн төлөө ажиллаж, үр дүнд хүрсэний дараа хоёр ерөнхийлөгч уулзах боломжтой" хэмээн мэдэгдэж байв.
Эргэн сануулахад, Орос улс "тусгай цэргийн ажиллагаа" нэрийн дор 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу довтолсон. Энэ хугацаанд хоёр сая гаруй иргэн Украиныг орхин дүрвэсэн бол 900 гаруй энгийн иргэн амиа алджээ. Хоёрдугаар сарын 28-ны өдөр талууд анхны хэлэлцээ хийж, хамгийн сүүлд гуравдугаар сарын 21-ний өдөр ээлжит шатны хэлэлцээгээ зохион байгуулсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ