Зеленский: Тэдгээр эзлэн түрэмгийлэгчид, боолуудыг хөөж явуул

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын цэргүүдийн эзэлсэн хотуудын оршин суугчдад хандан мэдэгдэл хийж, цэргүүдийг Украины нутгаас хөөхийг уриалжээ. Энэ талаар Украины УНИАН агентлаг мэдээлсэн байна.
"Энэ бичлэгээрээ Украины хотууд, эдгээр хотуудын зоригт оршин суугчдад онцгойлон хандаж байна. Бердянск, Каховк, Энергодар, Мелитополь, Херсон хотынхонд хандаж байна. Оросын илгээсэн эдгээр боолууд ийм их эрх чөлөөт хүмүүсийг гудамж талбайд харж байгаагүй.Гартаа зэвсэгтэй боолуудын өмнө огт айхгүй зогсдог олон мянган хүнийг тэд харж байгаагүй. Боолууд эрх чөлөөг зэрлэг, аюул занал гэж хүлээж авдаг. Тэд айж байгаа. Энэ айдсыг нь суртал ухуулгачид үзэн ядалт болгон хувиргаж чадна. Ингээд л тэд энгийн эрх чөлөөт иргэд рүү буудаж эхэлнэ" хэмээн Зеленский мэдэгдсэн байна.
Цаашлаад тэрбээр Украины өмнөд зүгт байх Херсон хотын оршин суугчдад ханджээ. Энэ хотыг Оросын цэргүүд эзэлсэн юм.
"Херсон, тэсээрэй! Бид энэ зураглалыг хэзээ ч мартахгүй. Танай хотын зураглалыг хэзээ ч мартахгүй. Танай талбай, гудамжинд бид бүгд хамтдаа байсан. Та нар дээр бид очмогц энгийн херсончуудыг буудсан хүн бүрийг таагүй тавилан хүлээнэ. Бүхий л украинчуудад хандаж байна. Бид хаа сайгүй бий. Улс орноо хамгаалахын тулд бүхнийг хийцгээ! Ард түмнээ аврахын тулд тулалд, тусла. Эдгээр боолуудыг хөөн явуул! Эзлэн түрэмгийлэгчдийг хөөн явуул! Украин улс амьдрах ёстой" хэмээн Зеленский мэдэгджээ.
Херсон дахь нөхцөл байдал
Украины өмнөд зүгт байх, Херсон мужийн төв Херсон хот Оросын цэргүүдэд эзлэгдсэн юм. Энэ хотын оршин суугчид дайн эсэргүүцсэн жагсаалыг өдөр бүр зохион байгуулж байгаа талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. Хамгийн сүүлд, гуравдугаар сарын 21-ний өдөр болсон тайван жагсаалыг цэргийн хувцастай хүмүүс буудаж тараасан гэсэн мэдээлэл гарчээ. Украины хэвлэлүүдээр, эдгээр цэргийн хувцастай хүмүүс нь Оросын цэргүүд байсан, жагсаалыг буудаж тараасны улмаас хэд хэдэн хүн шархадсан гэж мэдээлсэн байна.
Эргэн сануулахад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энгийн ард иргэдийг хамгаалах үүднээс Донбасст тусгай цэргийн ажиллагаа явуулахаар шийдсэн талаараа хоёрдугаар сарын 24-ний өдөр мэдэгдсэн юм. Цэргийн тусламж үзүүлэхийг хүсэн Донбассын бүгд найрамдах улсууд Орост хандсан гэдгийг Путин сануулаад цэргийн ажиллагааны зорилго нь найман жилийн туршид Киевийн доромжлол, геноцидэд өртсөн хүмүүсийг хамгаалах явдал хэмээн Владимир Путин цохон тэмдэглэж байлаа.
Путин "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх болсон талаарх мэдэгдэлдээ " НАТО зүүн Европт цэргийн хүчээ зузаатгаж байгаатай холбоотойгоор манай улсын хувьд нөхцөл байдал улам дордож байна. Үүнийг хөндлөнгөөс зүгээр ажиглаад сууж бид чадахгүй", " Бидний төлөвлөгөөнд Украиныг эзлэн түрэмгийлэх үйлдэл багтаагүй" гэх зэргээр онцолж байв.
Ийнхүү ОХУ Украин руу довтолсноос хойш 26 өдөр өнгөрөөд байна. Энэ хугацаанд 925 энгийн иргэн амиа алдсан гэж НҮБ-ын Хүний эрхийн комиссарын газар мэдээлсэн юм. Хүний эрхийн комиссарын газар гагцхүү албан ёсны байгууллагуудын баталсан баримт дээр тулгуурлан мэдээлэл хийдэг тул бодит байдал дээр үүнээс ч их хүн хохирсон байж болзошгүй. Түүнчлэн дайн эхэлснээс хойш хоёр сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвэхээс аргагүй болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ