Хятадын аврагчид онгоцны сүйрлээр амиа алдсан зорчигчдын цогцосыг хараахан олоогүй байна

img

Гуравдугаар сарын 21-ний даваа гарагт Хятадын Куньмин-Гуанжоу чиглэлд нислэг үйлдэж явсан Боинг-737 онгоц сүйрсэн харамсалтай хэрэг гарсан. Осол болсон даруйд эрэн хайх аврах ажиллагаа эхэлсэн бөгөөд онгоц унасан газарт ойн түймэр гарсныг бүрэн унтрааж чаджээ. 

 

Ослын газарт Хятадын аврагчид өнөө хэр ажилласаар байгаа. Гэвч одоо хүртэл онгоцонд байсан хүмүүсийн цогцосыг олж чадаагүй байгаа гэж аврагчдаас авсан эх сурвалжтайгаар Хятадын Төв телевиз мэдээлжээ. Уулархаг газар эрэн хайх аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа, Ши Жинпинь эрэн хайх ажиллагааг явуулахад бүхий л хүчин чармайлтаа дайчлахыг үүрэг болгосон гэнэ. 

 

Энд дуулгахад, Хятадын China Eastern Airlines компанийн Boeing 737 онгоц гуравдугаар сарын 21-ний өдөр Гуанши-Жуаны өөртөө засах оронд осолдсон юм. Онгоц осолдсоны дараа ойн түймэр гарчээ. Ийнхүү сүйрсэн онгоцонд багийн 9 гишүүн, 123 зорчигч зорчиж явсан аж. Хятадын албаныхан онгоцны сүйрлийн шалтгааны талаар ямар нэг хувилбар дэвшүүлээгүй байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ