Ермак: Украин хэзээ ч буулт хийхгүй

Хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгснөөр Оросын цэргүүд Украин руу довтолж, улмаар ОХУ, Украины хооронд дайн дэгдсээр сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Байлдааны ажиллагаа эхэлснээс хойш тав дахь өдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр сөргөлдөгч талууд анхны хэлэлцээгээ хийж байлаа. Тэр үеэс хойш гурвантаа хэлэлцэж, улмаар цаашдын хэлэлцээ цахим хэлбэрт шилжсэн юм. Хэлэлцээ үргэлжилж байгаа энэ үед аль аль тал "хэлэлцээ дуустал тодорхой мэдээлэл өгөхгүй" байх тал дээр тохиролцсон гэх ч Украины талаас ямар хүлээлттэй, ямар байр суурьтай байгаагаа хэвлэлээр дамжуулан илэрхийлсээр байна.
Энэ удаад Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Андрей Ермак Украины тал ямар байр суурьтай байгаа талаар Их Британийн Chatham House олон улсын харилцааны хатан хааны хүрээлэнгийнхэнтэй цахимаар уулзах үеэрээ илэрхийлжээ.
"Нэн тэргүүнд гал, бөмбөгдөлтийг зогсоож, Оросын цэргүүдийг гаргах талаар тусгаж, манай нутаг дэвсгэрийг эргүүлэн өгөх, Украины эрх баригчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хилийнхээ хүрээнд нутаг дэвсгэрийн хяналтаа эргүүлэн авах зэрэг асуудлууд тусгагдана гэж би найдаж байна" хэмээн Ермак өгүүлжээ.
Түүнчлэн Украин улс тусгаар тогтнол, хараат бус байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын тал дээр буулт хийхгнүй гэдгийг тэрбээр цохон тэмдэглэсэн байна. Мөн Путин, Зеленскийн хоорондын яриа хэлэлцээ нь гал зогсоох, Донбасс, Крымийн асуудлыг тусгасан байх ёстой гэж Ермак үзэж байгаа аж.
Ермакийн мэдэгдсэнээр, Украин улс аюулгүй байдлын шинэ систем, тодорхой хуулийн баталгаа авахыг хүсэж байгаа гэнэ.
"Энэ дайн аль болох хурдан дуусаасай гэж бид маш их хүсэж байна. Мөн гагцхүү манай ашиг сонирхолд нийцсэн байдлаар тохиролцоонд хүрээсэй гэж хүсэж байна. Цаашид хүлээх, бодох цаг алга. Үүнийг шийдэхэд алгуурлах цаг хугацаа алга" хэмээн Ермак мэдэгдсэн байна.
Зеленскийн мэдэгдэл
ОХУ, Украины дайн дэгдсэнээс хойш сөргөлдөгч талууд хоёрдугаар сарын 28, гуравдугаар сарын дөрвөн болон долооны өдөр гээд гурвантаа хэлэлцээ зохион байгуулсан юм. Үүний дараа талууд цахимаар уулзалт зохион байгуулах ажлаа тогтмолжуулжээ.
Оросыг энх тайван тогтоох, дайныг зогсоох тал дээр тохиролцоонд хүргэхийн тулд бүх шатанд ажиллаж байгаа гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэн байна. Тэрбээр энэ талаараа ард түмэндээ хандсан ээлжит мэдэгдэлдээ онцолжээ.
"Өдөр бүр үргэлжилж буй хэлэлцээн дээр Украины төлөөлөгчид ажиллаж байгаа. Энэ бол нэн хүнд ажил. Гэхдээ алхам алхмаар үргэлжилж байна" хэмээн Зеленский цохон тэмдэглэсэн байна.
Түүнчлэн Украин, Европ, үнэний төлөө тэмцэж буй олон улсын бүхий л зуучлагчдад талархаж байгаагаа илэрхийлжээ.
"Москвад үнэнийг харуулж байгаа, байдлыг бодитоор харахыг өдөөж байгаа бүх талуудад талархаж байна" хэмээн Зеленский мэдэгдсэн байна.
Мөн энэ долоо хоногт "G7", НАТО, ЕХ -ны гэсэн гурван чухал дээд хэмжээний уулзалт болох талаар Владимир Зеленский онцолжээ.
"Шинээр хориг арга хэмжээ тавьж, бидэнд шинээр тусламж үзүүлнэ. Бид ажиллаж, чадахынхаа хэрээр тэмцэнэ. Эцсээ хүртэл тэмцэнэ. Зоригтой, нээлттэйгээр бүхий л талбарт, бүхий л эрч хүчээ дайчлан тэмцэнэ. Үр дүнд хүрэхийн төлөө бүхий л хүчээ дайчилна. Ядрахгүй, ялсан хойноо л амарна. Ялалт заавал ирнэ " хэмээн Украины Ерөнхийлөгч мэдэгджээ.
Өмнө нь Зеленский мэдэгдэл хийхдээ Орос, Украины хоорондын хэлэлцээн дээр хүрэх тохиролцооны талаар бүх Украины санал асуулга явуулна хэмээн мэдэгдэж байлаа. Санал асуулгад оруулах асуудлууд нь аюулгүй байдлын баталгаа, Донбасс, Крымийн нутаг дэвсгэртэй холбоотой байх аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ