Зеленский: Мариупольд 100 мянган хүн хоол хүнсгүй, эм тариагүй байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" явуулах тухай тушаалд гарын үсэг зурснаар Оросын цэргүүд Украин руу довтолж эхэлсэн. Энэ хугацаанд Оросын цэргүүд Украины хэд хэдэн хотыг эзэлсэн бөгөөд эдгээрээс хамгийн хүнд нөхцөл байдалд байгаа нь Донецк мужийн Мариуполь хот юм. Энд бүслэлтэд орсон 100 мянган хүн өнөөдөр нэн хүнд нөхцөлд байгаа талар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.
"Хүн амьдрах аргагүй нөхцөлд, бүрэн бүслэлтэд тэд байна. Хоол, унд, эм тариа ч байхгүй. Байнгын буудалцаан, байнгын бөмбөгдөлтөн дунд амьдарч байна" хэмээн Зеленский мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, хотоос энгийн иргэдийг гаргах хүмүүнлэгийн коридорыг тасралтгүй ажиллуулахад Оросын цэргүүд саад болж байгаа гэнэ. Харин Оросын Батлан хамгаалах яам үүнд Украины талыг буруутгаж байлаа. Зеленскийн өгүүлснээр, мягмар гарагт хүмүүнлэгийн цувааг Оросын цэргүүд зогсоож, Украины Онц байдлын улсын албаны ажилтнуудыг олзолсон гэнэ.
Украины хэвлэлүүдийн мэдээлснээр, Мариупольд байлдааны ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд гуравдугаар сарын 22-ны өдөр Оросын цэргүүд агаараас бөмбөгдсөний улмаас хотын барилга байшин олноор сүйдсэн гэнэ. Энэ хотыг газрын хөрстэй тэгшилж, үнс нурам болгох хүсэлтэй байгаа нь харагдаж байна гэж хотын зөвлөл мэдэгдсэнийг "Украинская правда" дамжуулжээ.
Хотын зөвлөлийн мэдээлснээр, Оросын цэргүүдийн бүсэлсэн энэ хотод 2,3 мянган хүн амиа алдсан, гэхдээ ихэнх цогцосыг гаргаж амжаагүй тул амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй гэнэ. Мариуполь хотод хоол хүнс, усны хомстолд орсны дээр холбоо харилцаа хэдийнэ тасарчээ.
Мариуполь яагаад чухал вэ?
Мариуполийн төлөөх тулаан бол энэ дайны гол хэсгүүдийн нэгийн төлөөх тулаан гэнэ. Ийм байр суурийг Францын олон улсын харилцааны хүрээлэнгийн цэргийн шинжээч Лео Периа-Пенье Евроньюс агентлагт өгсөн ярилцлагадаа илэрхийлжээ. Мариуполийг эзлэснээр Орос улс Донбасс-Крымийг холбох хүзүүвч коридортой болох бөгөөд энэ нь дайны гол зорилтуудын нэг гэж шинжээч онцолсон байна.
Мариуполийн нутаг дэвсгэрт бүрэн хяналт тогтоох нь цаашдын хэлэлцээнд тамга хөзөр болно гэж шинжээч үзэж байгаа аж. Тиймээс л Орос улс Мариуполь хотын гудамж , байшин бүрийн төлөө тулалдахад бэлэн, харин хотыг хамгаалагчид хүчтэй эсэргүүцэл үзүүлж байгаа гэж цэргийн шинжээч өгүүлжээ.
Энэ хот бүрэн эзлэгдвэл Орост цаашдын гарцыг нээж өгч, Украины цэргүүд хүнд байдалд орно гэж цэргийн шинжээчид нэг бус удаа өгүүлж байлаа. Мөн Оросын тал дуунаас хэт хурдан пуужин хөөргөсөн нь "бодит байлдааны нөхцөлд шинэ зэвсгээ туршсан төдий, түүнээс биш ийм зэвсэг ашигласнаар дайны өнөөгийн нөхцөлд нөлөөлөх хүчин зүйл болж чадахгүй" гэж зарим шинжээчид үзэж байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ