ОБЕГ: Улсын хэмжээнд нийт барилга байгууламжийн 13.1 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй
2022-03-24 10:39

 

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийж байна. 

 

"Онцгой байдлын Ерөнхий газраас Засгийн газрын 2017 оны тогтоолын хүрээнд  гуравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн гуравдугаар сарыг дуустал газар хөдлөлтийн аюулыг таниулах, сурталчилгааг зохион байгуулж байна.  2011 оны тогтоолын хүрээнд жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагийг газар хөдлөлтийн аюулын үед дуут дохио зарлан мэдээллээр ажиллаж, дадлага сургуулийг улсын хэмжээнд зохион байгуулдаг. Өнгөрсөн хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байсан учраас уг арга хэмжээг хоёр жилийн хугацаанд зохион байгуулаагүй. Харин энэ жил гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг бууруулсан учраас энэ онд дадлага сургуулийг улсын хэмжээнд зохион байгуулна.

 

Улаанбаатар хотод аюул учруулж болохуйц газар хөдлөлтийн гурван голомт байдаг гэж тооцдог. Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд газар хөдлөлтийн идэвхжил маш өндөр байсан. Он гарсаар нэгдүгээр сарын 17-нд 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт нийслэлийн ойр орчинд болсон.

 

Улсын хэмжээнд 130 мянган барилга байгаагаас Улаанбаатарт 117 мянга орчим нь байгаа. Нийт барилга байгууламжийн 13.1 хувь буюу 17 мянган барилга газар хөдлөлтийн тэсвэржилт нь буурсан буюу газар хөдлөлтийг тэсвэрлэх арга хэмжээгүйгээр ашиглагдаж байна гэсэн тооцоо судалгаа гарч байна. Олон хүн цуглардаг үзвэр үйлчилгээний барилгууд, орон сууцны барилгуудын төлөв байдлуудыг яаралтай тогтоох шаардлага гарч байна.

 

Улсын хэмжээнд 5400 барилга, орон сууц ашиглагдаж байгаа. Үүнээс мэргэжлийн хяналтын байгууллагаас Улаанбаатар хотод 340 орон сууцыг ашиглаж болохгүй, насжилт хэтэрсэн газар хөдлөлтийн арга хэмжээгүйгээр баригдсан, засвар үйлчилгээ хийх шаардлагатай гэсэн шийдвэр гаргасан. Үүнээс нь 68 барилгыг ашиглахгүй байна. Бусад барилгууд засвар үйлчилгээ, хөрөнгө оруулалт хийх тодорхой ажлуудыг хийж байгаа. Мөн дахин төлөвлөлтөд оруулсан" гэж албаныхан мэдээллээ. 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин