Зеленский: Дайныг зогсоохын тулд бүгд энх тайвны төлөө зогсоцгоо

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дэлхий нийтэд хандан Украины эсрэг "түрэмгийлэгч Орос" улсын өдөөсөн дайныг зогсоохыг уриалжээ. Тэрбээр хүн бүрийг Украиныг дэмжихийг хүсэн, гуравдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн оршин суугаа газрынхаа гудамж, талбайд гаран, дайныг эсэргүүцэхийг уриалсан байна. Тэрбээр энэ талаараа гуравдугаар сарын 24-нд шилжих шөнө хийсэн мэдэгдэлдээ өгүүлжээ.
"Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш нэг сарын дараагаас буюу гуравдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ажлын өрөө, гэр, сургууль, их дээд сургуулиасаа гарч, энх тайвны төлөө зогсоцгоо. Украины бэлгэдлийг барин зогсож, Украиныг дэмжээрэй. Оршин суугаа газрынхаа талбай, гудамжинд гарч зогсоорой" хэмээн Зеленский англи хэлээр мэдэгдэл хийжээ.
Тэрбээр Орос зөвхөн Украины эсрэг биш харин эрх чөлөөний эсрэг дайн өдүүлсэн, энэ бүхэн дөнгөж эхлэл нь хэмээн онцолсон байна.
"Орос улс Европ дахь, дэлхий даяарх хүмүүсийн эрх чөлөөг ялахаар хичээж байна. Гагцхүү бүдүүлэг, хэрцгий хүч байдаг гэдгийг л харуулахыг хүсэж байна. Тиймээс л Оросыг зогсоох ёстой. Дэлхий дахин дайныг зогсоох ёстой" хэмээн Зеленский мэдэгджээ.
Түүнчлэн Зеленский Оросын иргэдэд хандан Украин улс ОХУ-ын аюулгүй байдалд заналхийлээгүй, гагцхүү нутагтаа энх тайвныг эргүүлэн авчирахын тулд өөрсдийгөө хамгаалж байгаа хэмээн онцолсон байна.
"Танай улсын бодлого байж боломгүй санагдаж байгаа хүмүүс та нарын дунд байгаа гэдэгт итгэлтэй байна. Танай суртал ухуулгачид интернетээр, таны төлсөн татварын мөнгөөр суртал ухуулга хийж, худал хэлж байна. Энэ бүхэн тэнэг биш гэж үү? Танай төр та нараас татвар авч, та нарыг улам ядуу болгож, дэлхийгээс тасалж, хатуу хянахын тулд ажиллаж байна" хэмээн Зеленский мэдэгджээ.
Эргэн сануулахад, хоёрдугаар сарын 24-ний өдөр Владимир Путин тушаал өгснөөр ОХУ "тусгай цэргийн ажиллагаа" нэрийн дор Украин руу халдсан юм. Энэ дайн эхлээд сарын хугацаа өнгөрч, талууд энэ хугацаанд хэдэнтээ хэлэлцээ хийсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй, байлдааны ажиллагаа үргэлжилсээр байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ