Австрали Лукашенкогийн эсрэг хориг тавина
2022-03-25

Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин руу довтлох шийдвэр гаргаснаас хойш барууны орнууд Оросын эсрэг төдийгүй энэ улсыг дэмжсэн, холбоотон улс болох Беларусийн эсрэг ч хориг тавьсаар байгаа юм. 

 

Энэ удаад Австрали улс Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, түүний гэр бүлийн гишүүдийн эсрэг хориг тавихаар болсон байна. Түүнчлэн "суртал ухуулагчид, худал мэдээлэл тараагчид" болон Оросын иргэдийн эсрэг ч хориг тавихаар болжээ. 

 

Австралийн Гадаад хэргийн сайд Марис Пейн мэдэгдсэнээр Украин дахь нөхцөл байдалтай холбоотойгоор Беларусийн авторитар удирдагч Лукашенко болон түүний хүү Виктор, эхнэр Галина Лукашенко нарыг хоригт хамааруулахаар болсон байна. "Беларусь улс Орос болон түүний зэвсэгт хүчин Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдахад стратегийн дэмжлэг үзүүлсэн хэвээр байна" хэмээн Австралийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ. 

 

Түүнчлэн энэ хоригт Оросын 22 иргэн багтсаны дотор RT сувгийн удирдлага, редакторууд, Стратегийн соёлын сан, Инфорос, Ньюс Фронты удирдлагууд багтсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин