Жонсон: Путин Украины хотуудыг Грозный шиг болгох гэж байна, гэхдээ тэр ялж чадахгүй

Британи улс хөршөөсөө өөрсдийгөө хамгаалахад нь туслах үүднээс Украин руу нийлүүлэх зэвсгийн тоогоо нэмэгдүүлнэ гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Брюссельд болсон НАТО-ын шуурхай дээд хэмжээний уулзалтын дараа мэдэгджээ. Гэхдээ Украины дээгүүр нислэггүй бүс бий болгох талаар яригдаагүй гэж тэрбээр онцолсон байна.
Жонсоны өгүүлснээр, агаарын орон зайгаа хаах нь Британийн Агаарын цэргийн хүчин Оросын цэргийн онгоцуудыг сөнөөнө гэсэн үг, харин Оростой шууд сөргөлдөхөд НАТО-ын нэг ч орон бэлэн биш байгаа гэнэ.
Түүнчлэн Болгарт Британийн цэргүүдийг байршуулж, Польш, Эстони дахь цэргийн тоогоо хоёр дахин нэмэхээр төлөвлөж байгаа талаар Борис Жонсон мэдэгдсэн байна.
Мөн Владимир Путин цөмийн зэвсэг ашиглана гэж ярих болсон нь Оросын арми Украинд ямар зэвсэг ашиглаж байгаа гэдэг сэдвээс анхаарал сарниулах гэсэн арга гэж Жонсон үзэж байгаагаа илэрхийлжээ.
"Путин Украины хотуудыг Грозный хот шиг болгох хүсэлтэй байгаа гэж би бодож байна. Гэхдээ энэ нь тийм ч амар байхгүй болов уу. Зарим талаараа Путин хэдийнэ ялагдсан. Учир нь украинчууд эсэргүүцэл үзүүлнэ гэж тэр огт төсөөлж байгаагүй. Украин гэж юу болохыг тэр буруу бодож байсан. Тэр Украиныг захирч чадахгүй. Энэ утгаараа тэр ялалт байгуулж чадахгүй" хэмээн Борис Жонсон мэдэгджээ.
Борис Жонсон Грозный хоттой зүйрлэсэн нь 1999 оны үйл явдалтай холбоотой. Чечений дайны үед, 1999 оны 12 дугаар сарын сүүлээр Оросын цэргүүд Грозный хотыг бүслэж, пуужингийн болон агаарын цохилт өгч, 2000 оны хоёрдугаар сарын эхээр энэ хотыг бүрэн эзлэж, хот бүрэн сүйдсэн. Энэ дайны дүнд Чечень ОХУ-ын бүрэлдэхүүнд багтах болсон юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ