Babr24: Буриадын оршин суугчид Монголоос их хэмжээгээр доллар зөөж байна

"Улаан-Үд-Улаанбаатар" чиглэлийн нислэгээр Буриад, Эрхүү, Монголын ченжүүд жуулчид, гадаадын фирмүүдтэй ажилладаг бизнесменүүдэд шаардлагатай долларыг Орос руу зөөж байгаа талаар Babr24.com сайт мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Буриадад доллар, еврогийн хомстол улам бүр нэмэгдэж байгаа гэнэ. Валютын гадагш чиглэсэн урсгалыг зогсоохын тулд Оросын Төв банк 10 мянган доллараас дээш хэмжээний бэлэн мөнгийг хадгаламж, данснаасаа авахыг хориглосон бөгөөд одоо Орост долларын албан ёсны ханш 103,95 рубльд хүрчээ.
Ийнхүү хязгаарлалт тавьснаар валютын наймаачид олноор үүсэх нөхцлийг бий болгосон байна. Буриадын "Номер один" сонины мэдээлснээр, Буриад, Эрхүү мужийн бизнес эрхлэгчид хомстолд орсон долларын дэвсгэртийг Буриад руу авчрах Хүннү Эйрийн "Улаан-Үд-Улаанбаатар" чиглэлийн нислэгийг нааштайгаар үнэлж байгаа гэнэ.
Түүнчлэн ОХУ-ын шуурхай штаб "Улаан-Үд-Улаанбаатар" чиглэлийн нислэгийг нэмэхээр шийдэж, улмаар гуравдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн энэ нислэг долоо хоногт хоёр үйлдэгдэж байгаа гэж Babr24.com онцолсон байна.
"Монгол руу явж байгаа зорчигчдын ихэнх нь бараг л ачаагүй, багахан цүнхтэй нисдэг. Улаанбаатарын зочид буудлууд Буриад, Эрхүүгийн замын хүмүүсээр дүүрсэн. Валютын энэ наймаанд монголчууд ч мөн хутгалджээ. Төрөл бүрийн шалтгаанаар өөр улс руу явахаар шийдсэн Буриадын оршин суугчид хүндхэн нөхцөлд орсон юм. Гадаадад тэдний банкны карт үйлчлэхгүй, харин Оросын банкуудаас валют авах боломжгүй болсон. Ингээд л валютын хар зах зээл үүссэн юм" хэмээн Babr24.com бичжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ