Зеленский: ОХУ хүүхдээрээ шахам цэргүүдийг айлган сүрдүүлж дайнд илгээсэн

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын сэтгүүлчдэд ярилцлага өгчээ. Харин энэ ярилцлагыг Орост хэвлэн нийтлэхийг хориглосны дээр Зеленскийгээс ярилцлага авсан сэтгүүлчдийг шалгахаар болсон байна. Зеленскийн ярилцлагыг ВВс агентлагаас авсан эх сурвалжтайгаар товчлон хүргэе.
Кремлийн бодлогын тухайд
“Харамсалтай нь тэд Украины бие даасан байдлыг олж харахгүй байна. Энэ бол та бидний хувьд эмгэнэлдтэй хэрэг. <...>Бид өөрсдийгөө их түүх, ёс суртахуунтай бие даасан улс гэж үздэг. <...> Оросын дээд удирдлагуудад юу гэж илтгэснийг би мэдэхгүй юм. Гэхдээ тэднийг цэцэг барин инээмсэглэн угтана гэж хэлсэн байх. Нөхцөл байдал хүнд, өнөөгийн ерөнхийлөгч, эрх баригч намыг дэмждэггүй гэж хэлсэн байх. Би ингэж хэлсэн гэдэгт 99,9 хувь итгэлтэй байна”
Мариуполийн тухайд
Энэ хотыг Оросын цэргүүд бүсэлсэн. Мариуполь хотын бүх орц, гарцыг хаасан. Боомтыг минижүүлсэн. Хотод хүмүүнлэгийн сүйрэл нүүрлэсэн, учир нь тэнд хоол, эм, ус хүргэх ямар ч боломжгүй байгаа. Оросын цэргийнхэн хүмүүнлэгийн цувааг буудаж байна. Жолооч нар амиа алдаж байна. Эдгээр ачааг хэрхэхийг би хэлж чадахгүй. Тэдний ихэнхийг буцаан татсан.
Оросын цэргүүдийн тухайд
“Тэдний ихэнх нь хүүхдээрээ шахуу хүмүүс. Мэдэхгүй юм даа. Тэд тангараг өргөж, амлалт өгч ирсэн. Тэд хаашаа явж байгаагаа ч мэдээгүй хүүхдээрээ хүмүүс. <...> Тэднийг айлгаж, сүрдүүлж ийш нь авчирсан. Тэд ээж аавруугаа ярихдаа “эндээс намайг аваач ээ” л гэдэг. <...> Тэд дайчид биш. Тэднийг хүчилж, хядлагын газар руу илгээсэн”
Украин Донбасс руу халдахаар төлөвлөж байгаагүй
“Ямар ч төлөвлөгөө байгаагүй. 2019 оноос эхлээд л Ерөнхийлөгч Путин болон бусад сувгаар дамжуулан холбогдохдоо бид нутаг дэвсгэрээ цэрэг байлдааны аргаар эргүүлэн авах бодолгүй байгаагаа хэлж байсан. Би та нартай ярилцаж тохиролцох хүсэлтэй гэдгээ хэлж байлаа. Энэ түрэмгийлэл хүртэл би төрөл бүрийн хувилбар хайж байсан, надад итгээрэй"
Украин дахь "химийн лаборатори"
"Тийм ээ, энэ бол онигоо. Энд надад тайлбарлах зүйл алга. Бидэнд тийм юм байхгүй. Цөмийн зэвсэг, химийн биолаборатори, химийн зэвсэг байхгүй. Ийм зүйл огт байхгүй"
Зеленскийтэй ярилцсан сэтгүүлчдийг шалгаж эхлэв
Ням гарагт Владимир Зеленскийтэй Оросын “Дождь” сувгийн ерөнхий редактор асан Тихон Дзядко, сэтгүүлч, зохиолч Михаил Зыгарь, “Медуза” сайтын ерөнхий редактор Иван Колпаков, "Коммерсант"-ын тусгай сурвалжлагч Владимир Соловьев нар цаг гаруй хугацаанд ярилцсан нь энэ юм. Үүний дараа Оросын олон нийтийн хэвлэл мэдээллийн хяналт хариуцсан байгууллага энэ ярилцлагыг нийтлэхгүй байхыг шаарджээ.
Гэсэн ч энэ ярилцлага хэдийнэ олон нийтийн сүлжээгээр тархсан байна. Үүний дараа эдгээр сэтгүүлчдийг шалгаж эхэлжээ.
“Хэвлэл мэдээллийн хэд хэдэн байгууллага, тэр дундаа гадаадын агентын үүрэг гүйцэтгэдэг, гадаадын хэвлэл мэдээллүүд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийгээс ярилцлага авчээ. Энэ ярилцлагыг хэвлэн нийтлэхээс татгалзах ёстой гэдгийг Оросын Хэрэглэгчийн хяналтын газар Оросын хэвлэлүүдэд сануулж байна” хэмээн Оросын хэрэглэгчийн хяналтын газар мэдэгдсэн байна.
Үүний дараа Оросын Ерөнхий прокурорын газар энэхүү ярилцлагын агуулга болон ярилцлагыг хэвлэн нийтэлсэн үйлдэлд “зарчмын эрхзүйн үнэлгээ өгнө” гэж мэдэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ