Б.Отгон: Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна
2022-03-28

АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийж байна.

 

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн Б.Отгон:

 

-Хөгжлийн банкны нийт зээлийн 65 хувь буюу 2.3 их наяд төгрөгийн зээл, чанаргүй найдваргүй ангилалд шилжсэн. Энэ нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж байгаа учраас өнгөрсөн хоёрдугаар сард АТГ-ын олон нийтийн зөвлөлөөс хэвлэлийн бага хурал хийж уг асуудлыг УИХ-ын байнгын хороо зэрэг холбогдох газруудад яаралтай арга хэмжээ авч хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгч, олон нийтийн оролцоог хангаж, ил тод  байлгахыг хүссэн хүсэлтийг холбогдох газруудад өгсөн.

 

Өнгөрсөн сар гаруйгийн хугацаанд Хөгжлийн банкны 73 зээлдэгчийн 107.5 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төвлөрүүлснийг эс тооцвол дорвитой ажил энэ хугацаанд хийсэнгүй. Энэ нь Монгол Улсад авлигал хээл хахууль, өмчийн эсрэг гэмт хэрэг ямар хэмжээнд хүрснийг нотлох хамгийн том гэмт хэрэг. Энэ хэрэгт Монгол Улсын ерөнхий аудитороос эхлээд УИХ, ЗГ-ын гишүүд холбоотой нь олон нийтэд ил тод боллоо. Харамсалтай нь  гэм буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх асуудал маш удаашралтай байна.

 

Тиймээс АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс дөрвөн асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хандаж дахин шаардлага хүргүүлж байна.

 

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн Д.Гантөмөр:

 

-2017 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Хөгжлийн банкны тухай хуульд УИХ, Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжих төслийн жагсаалтыг тусгайлан батлахгүй гэж заасан байдаг.

 

Мөн  тус хуулийн 23.2-т Засгийн газар, Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг тусгайлан батлахгүй гэсэн өөрчлөлт оруулж, тус банкны төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирал зээлийн шийдвэр олголтыг өөрсдөө мэддэг болсон байна.

 

2016 онд Хөгжлийн банкийг шалгаж, алдаа дутагдлыг нь илрүүлсэн ч шалгалтыг материалыг улсын нууцад хамааруулж, олон нийтээс нууцлаад зогсохгүй, эрх зүйн зохицуулалт, хариуцлагын тогтолцоог ийнхүү дордуулсан нь тухайн банкны гэмт хэрэг зөрчил хавтгайрахад нөлөөлсөн байна. Цаашид зээлдэгчдээс гадна зээл олгохоор шийдвэрлэсэн Хөгжлийн банкны үе үеийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гишүүд, тус банкны гүйцэтгэх захирал, удирдлагууд зээл олгоход хүргэсэн улс төрд нөлөө бүхий этгээдүүд, албан тушаалтнууд, зээлийн жинхэнэ эзэн эцсийн өмчлөгчид үнэнийг нууцалсан, хуулийг өөрчилж, дордуулсан этгээдүүдийг нэг бүрчлэн тодруулж, илрүүлж шалгах ёстой гэсэн шаардлагыг тавьж байна.

 

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн Х.Бат-Ялалт:

 

-Авлигатай тэмцэн гэдэг нь бүх нийтийн үйл хэрэг байх ёстой. Энэ нь зөвхөн АТГ-ын олон нийтийн зөвлөлийн гишүүдийн хийх ажил, хэн нэгэн этгээдийн сайн дурын үндсэн дээр хийдэг зүйл биш. Үндсэн хуулинд заасны дагуу хэнийг ч ялгалгүй авлигатай тэмцмээр байна.

 

...Хуулийн тогтолцоо эрүүлжих хэрэгтэй. Маш тодорхой асуудлыг шалгаж, хэн нэгэн этгээдэд хариуцлага хүлээлгэх тухай яригдахгүй байна гэдэг харамсалтай байна.

 

Г.Мичид 

Shuud.mn
Сонин хачин
dj:
2 tom gedeg namiin gol lugaruud holbogdee, teheer yaj uursdduu huuli yosnii arga hemjee avah ym be? unuugiin huuliihan gedeg tsum ednii barlaguud ingeheer ta nariin shaardlaga chin havartaa salhind hiisdeg hog shoroo l ymdaa!
2022-03-28