Абрамович Зеленский зурвасыг Путинд дамжуулжээ

Орос, Украины хооронд явагдаж буй хэлэлцээнд зуучлагчаар оролцож байгаа Оросын олигарх Роман Абрамович Украины Ерөнхийлөгч Зеленскийн бичсэн зурвасыг Владимир Путинд дамжуулсан гэнэ. Энэ талаар Британийн The Times сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, гуравдугаар сарын 23-ны өглөө Абрамовичийн Hawker 800XP хувийн онгоц Стамбул дахь Ататюркийн нэрэмжит буудлаас Сочиг чиглэн хөөрсөн байна. Улмаар Оросын Минеральные воды хот орчимд онгоц радарт чиглэл өгдөг төхөөрөмжөө унтраасан бол мөн өдрийн үдэш Москвагийн Внуково буудлаас эргээд Стамбул руу нисжээ.
Энэ нислэгээрээ Абрамович Москвад газардаж, Путинтэй уулзан, Зеленскийн зурвасыг дамжуулсан гэж The Times мэдээлсэн байна. Зеленскийн зурваст Киев дайн зогсоохын тулд буулт хийх нөхцлүүдээ нэрлэсэн гэж эх сурвалж мэдээлжээ. Зурвасыг авсан Путин ихэд уурлаж "Түүнийг би устгана гэж дамжуулаарай" гэж Абрамовичд хэлсэн гэж сонины эх сурвалж мэдээлсэн байна.
Хэдийгээр Путин уурласан ч талууд эвлэрэх тохиролцоонд хүрэхэд ойрхон байгаа гэж хэвлэлд мэдээлэл өгсөн эх сурвалжууд онцолсон гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ