Amnesty International: Орос, Беларусьт сэтгүүлчдийн эрхийг зөрчдөг
2022-03-29

Amnesty International байгууллага жил бүр гаргадаг хүний эрхийн илтгэлдээ Беларусьт үг хэлэх эрх чөлөө хасагддаг, Орост сэтгүүлчид болон хүний эрхийг хамгаалагчдыг дарамталдаг, Украинд гэр бүлийн хүчирхийлэл их байдгийг онцолжээ. 

 

Amnesty International байгууллага гуравдугаар сарын 29-ний өдөр тайлангаа танилцуулсан бөгөөд цар тахлын хоёр дахь жилийн иргэний нийгмийн хөгжил, цамгаачлал, хүний эрүүл мэнд, эрх чөлөөг хамгаалсан байдлын талаар чухалчилжээ. 

 

Орос: Сэтгүүлчдийг дарамталж, шоронд хоригдлуудыг тамладаг

Хүний эрхийг хамгаалах байгууллагын илтгэлд дурдсанаар 2021 онд ОХУ-д үг хэлэх эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөө, жагсан цуглах эрх чөлөө байнга зөрчигдсөөр иржээ. Оросын сөрөг хүчний зохион байгуулах олон нийтийн арга хэмжээг бүрэн хориглосоор ирсэн байна. 

 

Түүнчлэн хэвлэл мэдээлэл, хүний эрхийг хамгаалах байгууллагуудыг хавчиж, ЛГБТ хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэгдэл ажиглагдсан бол Чеченьд хүмүүсийг барьцаалсан, харин хорих газруудад тамлах арга ашигласан тохиолдлууд гарсан байна.

 

Беларусь: Сэтгүүлчдийг мөрдөж, сайтуудыг хаадаг

 

Беларусийн тухайд, энэ улс үг хэлэх, жагсан цуглах эрх чөлөөг ноцтойгоор зөрчдөг талаар тайланд цохон тэмдэглэсэн байна. 2021 онд энэ улсад олон сэтгүүлч, блогчийг мөрдөн шалгаж, шоронд хорьсон байна. Түүнчлэн 480 сайтыг эрх баригчид хаасан бол 400 гаруй Телеграм сувгийг  нийтэлсэн мэдээллээс нь болж хаажээ.

 

2021 оны сүүл гэхэд Беларусьт 32 сэтгүүлч хоригдсон байна. 

 

Украин: Гэр бүлийн хүчирхийлэл

 

Хүний эрхийн байгууллагын төлөөлөгчдийн онцолсноор, 2021 онд Украинд гэр бүлийн хүчирхийллийн тохиолдол нэмэгдсэн байна. Энэ улсад 12 сарын хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 2432 эрүүгийн хэрэг нээжээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх тухай Европын зөвлөлийн конвенцийг соёрхон батлах тал дээр Украинд ахиц гараагүй гэж хүний эрхийн байгууллагын тайланд онцолсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин