Хязгаарлалт хийхдээ тулсан эрчим хүчний салбарын том төслүүд санхүүжилтгүй гацаж байна
2022-03-31

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын үйлчилгээний хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж байна. Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр эрчим хүчний салбар хязгаарлалт хийх хэмжээнд тулж, хойшлуулашгүйгээр өргөтгөж, шинэчлэх шаардлага тулгарсан ч том төслүүд санхүүжилтгүйгээс гацаад байгааг хэлж байна. 

 

 

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Эрчим хүчний салбар амаргүй нөхцөл байдалд байна. Цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэлээс хэрэглээ давсан. Өвлийн оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчний хэрэглээ үйлдвэрлэл, түгээх, дамжуулах шугам сүлжээний хүчин чадлаас 20 орчим хувиар давж байна.

 

Үйлдвэрлэл, дамжуулах, түгээх шугам сүлжээний ашиглалтын хугацаа дууссан байна. Шинэ эх үүсвэр барих, өргөтгөх, шинэчлэх зайлшгүй шаардлага байна. Энэ нөхцөл байдал өнөөдөр үүсээгүй. Өнгөрсөн хугацаанд төлөвлөсөн ажлаа цаг хугацаанд нь хийгээгүйтэй холбоотой. Одоо цаг хугацаа алдахгүй хийхгүй бол чадлын дутагдалд орж, цаашид өсөн нэмэгдэх хэрэгцээг хязгаарлахаас өөр аргагүй байдалд орно. Одоогийн хэрэглэгчдийн эрчим хүчний найдвартай хэрэглээг хангах техникийн боломжгүй болоод байна. 2022, 2023, 2024 оны өвлөөс эхлээд хязгаарлалт хийх төлөв байдалтай байна.

 

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эрчим хүчний салбарт хийгдэх төсөл арга хэмжээ тодорхой болсон. Ихэнх нь тулгамдсан асуудлыг шийдэх, шугам сүлжээг өргөтгөх ажил байгаа.

 

2023-2024 оны өвлийн их ачааллыг давахын тулд бид Амгалангийн ДЦС-ын хүчин чадлыг 100 мВт-аар өргөтгөхөөр ажиллаж байгаа ч санхүүжилт тодорхойгүй байна.

 

ДЦС-IV-ийн зуухны хүчин чадлыг нэгээр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн ч санхүүжилт тодорхойгүй байна.

 

Улаанбаатар хотын хамгийн урт үргэлжилсэн дулааны шугам сүлжээний төгсгөлийн цэгүүдэд 4-5 бага, дунд чадлын дулааны эх үүсвэрийг барихаар ТЭЗҮ, холбогдох бичиг баримтыг бүрдүүлээд, санхүүжилт тодорхойгүй, хөөцөлдөж байна. Хийгдэх олон ажил санхүүжилтээр гацаж байна.

 

Эрчим хүчний салбар санхүүгийн хувьд хүнд байна. Олон жил бүтээгдэхүүнийг өртгөөр доогуур үнээр борлуулснаас болоод санхүүгийн их хэмжээний алдагдал хүлээсэн. 2021 оны жилийн эцсээр 73 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. 2020 онд 90 тэрбум байсан зардал 2021 онд буурсан шалтгаан нь олон зардлыг хойш тавьж, эрэмбэлсэн. Энэ сайн зүйл биш. Хийх шаардлагатай байсан засварын олон ажлыг хойшлуулсан" гэдгийг хэллээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ их тэнэг сайд. Учир нь асар их арвин нүүрсний нөөцтэй мөртлөө өвөл хөлддөг гол дээр усан цахилгаан станц байгуулна гэж ярьдаг. Пээх ямар хөлдүү юм вэ???!!!
2022-04-01
зочин:
Гудамжны гэрэлүүдийг унтраахгүй юм, бас бүх өрх албан газруудаас хэмнэлт гаргах төлөвлөгөө гаргуулж тооцох хэрэгтэй
2022-03-31
Сайн тооцооч гуйя Сайдаа:
Наад асар өндөр үнэтэй Эрдэнэбүрэнгийн төсөл чинь Улсаа цуслачих юм биш үү. Монгол улс хэзээ ч төлж чадахшүй шд. Концессийн төлөөс маш аюултай. Энэ хэмжээний мөнгөөр харин Эрчим хүчний салбараа 280 дахин шинэчлэж чадна
2022-03-31
kkkk:
Хб луйварчидаас мөнгөө аваачэээ. өөрсдөө хулгайлж авчихаад мөнгө байхгүй ч гэх шг.....дээрэмчин хулгайч нар
2022-03-31