Буриадын гаалийнхан Монголын иргэнээс их хэмжээний доллар илрүүлжээ

Буриадын гаалийн ажилтнууд Улаан-Үд хотын "Байкал" нисэх буудал дээр Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн нислэгийн онгоцны зорчигчдыг шалгаж байх үеэр Монголын иргэнээс их хэмжээний валют илрүүлжээ.
Тодруулбал, Монголын иргэн гаалийн хяналтаар гарахдаа "ногоон коридор" ашигласан бөгөөд энэ нь тухайн зорчигчийн биед гаалийн мэдүүлэгт тусгах шаардлагатай бараа, мөнгө байхгүй үед ашиглагддаг хэсэг юм. Гэтэл тухайн зорчигчийн тээшийг рентген техникээр шалгахад бэлэн мөнгөтэй ижил зүйл байгаа нь илэрсэн байна.
Ингээд зорчигчийн хувийн эд зүйлийг шалгахад тус бүр нь 10 мянган доллар бүхий 5 боодол доллар олджээ. Зорчигч 10 мянган доллар эсвэл түүнтэй тэнцэх хэмжээнээс дээш хэмжээний бэлэн мөнгийг гаалийн мэдүүлэгт бичих шаардлагатай гэдгийг мэдээгүй тул мэдүүлээгүй хэмээн өгүүлжээ.
Буриадын Гаалийн газрын орлогч дарга Иван Бурлакагийн өгүүлснээр, Орос руу бэлэн мөнгөөр валют оруулахыг хориглоогүй гэнэ. Гагцхүү 10 мянгаас дээш доллар эсвэл үүнтэй тэнцэх хэмжээний бэлэн мөнгө оруулахаар бол зорчигч гаалийн мэдүүлэгтээ бичиж, гаалийн хяналтын "улаан коридор"-оор орох ёстой аж. Мөнгөн дүнг гаалийн мэдүүлэгт тусгаснаар ямар нэг татвар, шимтгэл ногдуулахгүй гэнэ. Түүнчлэн 10 мянгаас дээш хэмжээний доллар эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний мөнгө оруулж байгаа бол мөнгөний эх үүсвэрийг нотлох баримт шаардлагатай юм байна.
Энд дуулгахад, Оросын хууль тогтоомжийн дагуу гаалийн хяналтын журмыг зөрчсөн этгээд Захиргааны хэрэг зөрчлийн тухай хуулийн дагуу захиргааны хариуцлагад татагдаж болзошгүй байдаг. Гаалиар их хэмжээний мөнгө гаргахдаа гаалийн мэдүүлэгт тусгаагүй бол энэ хэмжээний мөнгөний талтай тэнцэхээс эхлээд хоёр дахин нэмэгдүүлсэн мөнгөн дүнгээр торгууль ногдуулж болзошгүй аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ