Улирлын амралтыг хэрхэн үр дүнтэй өнгөрөөх вэ

img

 

Даваа гарагийн мэнд. Урин цаг иржээ. Улсын нийслэл Улаанбаатар хотод шинэ ажлын долоо хоног эхэллээ. Өнөө өглөө иргэд илүү тайван байж, автобусандаа амжиж, багтаж сууж харагдана. Мөн өглөөний агаарт зарим иргэд ажилдаа алхаж явна. Өнөөдөр замын түгжрэл, автобусанд зорчигчдын тоо бага байгаа нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралттай холбоотой. 

 

Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 04-нөөс эхэлж байна. Улирлын амралт  4 дүгээр сарын 11 хүртэл үргэлжилнэ. Энэ хичээлийн жил 3 улиралтай бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн I-III ангийн суралцагчид 32, IV-V ангийн суралцагчид 33, дунд, ахлах ангийн суралцагчид 34 долоо хоног тус тус суралцана. 

 

Тиймээс сурагчдын амралтыг  гэртээ хэрхэн хөгжилтэй мөн үр дүнтэй өнгөрөөх санааг хүргэж байна. 

 

 

Монгол ардын уламжлалт тоглоом наадгай тоглох: 

 

Сурагчид цар тахлын энэ үед танхим болон цахимаар хичээллэж утас, компьютерийн дэлгэцнээс салаагүй. Тиймээс амралтын хугацаанд нь утаснаас аль болох хол байлгахыг хичээгээрэй. Үүнд хамгийн сайн  “Алаг мэлхий” өрөх, Дөрвөн бэрх зэрэг монголын уламжлалт тоглоом наадгай тогловол хүүхдийн тархи амрахын зэрэгцээ, хөгждөг байна. 

 

 

 Ярилцах цаг:

 

Амралтын бас нэг давуу тал бол хамтрагч, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ харилцаагаа сайжруулах явдал. Эцэг эхчүүд бид хүүхдүүдтэйгээ тэр бүр ярилцдаггүй. Харин эдгээр өдрүүдэд ярилцахыг санал болгож байна. Хүсэл мөрөөдөл, зорилгын талаар нь сайтар ярилцаж зөвлөх хэрэгтэй. Мөн мөрөөдлийг нь биелүүлэхэд гэр бүлийнх нь гишүүдээс нь ямар дэмжлэг хэрэгтэйг асуух нь зөв юм. 

 

 

Ном унших:

 

Танхимаар хичээллэж, нэмэлт давтлаганд суусан эдгээр өдрүүдэд хичээлээс гадуурх ном унших цаг зав тэр бүр олддоггүй. Тэгвэл амралтын өдрүүдэд хувь хүний хөгжил, аялал жуулчлал, одон орон, амьтны ертөнц зэрэг олон сэдвийн хүрээнд ном унших нь шинэ зүйлийг сурч мэдэхийн сацуу амар амгалан мэдрэмж төрүүлдэг. 

 

 

Аялал төлөвлөх:

 

Аялал бол амралт бас хичээл юм. Аяллаас маш олон зүйлийг суралцаж, шинээр таньж мэддэг. Тиймээс амралтын хугацаанд гэр бүлээрээ хаврын аялалд явж болно. Мөн зуны аялалдаа бэлтгэх боломжтой. 

 

 

Шинэ ур чадварт суралц:

 

Хөгжим, хэл сурах нь тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Тиймээс шинэ зүйлийг туршиж үзэн өөрийгөө хөгжүүлээрэй. 

 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ