Тацуяа Хамадаг Монгол Улсын "Аялал жуулчлалын элч"-ээр өргөмжиллөө
2022-04-04

БОАЖ-ын сайдын ивээл дор Монголын Аялал Жуулчлалын Холбооноос санаачлан Аялал Жуулчлалын Хөгжлийн Төвтэй хамтран “21 аймгийн аялал жуулчлалын холбоодын үндэсний чуулган”-ыг анх удаагаа зохион байгуулж байна. Чуулганд БОАЖЯ, НАЖГ, АЖХТ, МАЖХ мөн 21 аймгийн БОАЖГ болон аялал жуулчлалын холбоодын нийт 120 гаруй төлөөлөл оролцож байна.

 

 

“Аялал жуулчлалын шинэ сэргэлтийн бодлого”-д орон нутгийн холбоод, мэргэжилтнүүдийн хүч оролцоог нэмэгдүүлэх, харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, БОАЖЯ болон МАЖХ-той хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэхэд тус чуулганы зорилго оршиж буй юм.

 

Энэ үеэр Тацуяа Хамадаг Монгол Улсыг гадаад улс оронд сурталчлах "Аялал жуулчлалын элч"-ээр өргөмжлөв.  Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, аялал жуулчлалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол улсыг гадаад улс оронд сурталчлах Аялал жуулчлалын элчээр томилож, өргөмжлөлийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ гардууллаа.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат- Эрдэнэ "Аялал жуулчлалыг "Нэг цонх"-оор харж, чиний, миний гэж ялгалгүй, "Бид" гэсэн хандлагаар аялал жуулчлалын холбоод маань ажиллах хэрэгтэй.

 

Дараагийн асуудал нь гадаадын 26 оронд аялал жуулчлалын элчийг томилох, тэр улсынх нь аялалын нислэг, аялал жуулчлалын бодлогыг орон нутгуудтай шууд харилцаатай байхаар зохицуулалт хийнэ ээ. Эхнийх нь Япон улс дахь томилогдсон элч ТАЦУЯА ХАМАДА ажлаа эхлүүлээд явж байна.

 

Дотоодод байгаа аялал жуулчлалын холбоод, гадаадад байгаа элч нар маань хөл болон ажиллаарай" гэлээ.

 

Эх сурвалж: БОАЖЯ

Shuud.mn
Сонин хачин